Боловсролын үнэлгээний төвөөс "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл"-ийн талаар мэдээлэл өглөө.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жил 34114 суралцагч 12-р анги суралцан төгсөнө. Өмнөх жилүүдийн суралцагч гээд нийт 40 орчим мянган суралцагч ЭЕШ өгнө гэж тооцоолж байна.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны 04 сарын 14-ний 18 цагт дуусна.
Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. МХБШ нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Энэ жил ЭЕШ хэд хэдэн онцлогтой. ЭЕШ-ыг өнгөрсөн оноос эхлээд жилд хоёр удаа зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жилийн хоёр дахь шалгалтад нийт 5000 орчим шалгуулагч оролцсон. Энэ жил мөн хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, шалгуулагчийн дүн оноог блокчэйн сүлжээнд байршуулна. Ингэснээр, шалгалтын оноо илүү баталгаатай болох юм. Мөн энэ жилээс ЭЕШ-ын дүн оноо, үр дүнг BI гэх ухаалаг тайлангийн систем дээр байршуулна.
ЭЕШ-ын дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлдэг болсон. Энэ систем өнөө жил мөн үргэлжилнэ. Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг БҮТ-ийн www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, “Дүйцүүлэх хичээл” гэсэн хэсэгт хандаж цахимаар ирүүлнэ.
Энэ жилийн ЭЕШ-д англи хэл, монгол хэл, орос хэл гэсэн гурван хичээлийн шалгалтын үндсэн агуулгад сонсоод ойлгох чадвараар хийж гүйцэтгэх даалгаврыг албан ёсоор оруулна. Үүнтэй холбоотойгоор бүх шалгалтын байрыг төхөөрөмжөөр хангах бэлтгэл ажлыг хийж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.
МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.