Гурван өгүүлбэрээр:
Нүүрсний эрэлт сэргэв
Монгол Улсын коксжих нүүрсний гол экспортлогч "Эрдэнэс Тавантолгой" компани хоёрдугаар сарын дундуур цахим платформоор нүүрсний эхний арилжаагаа хийх гэж байгааг "Mysteel Group" мэдэгдлээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1000 гаруй автомашин гарсан нь сарын өмнөхөөс 22 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа төдийгүй сүүлийн хоёр жил гаруйн хугацааны дээд үзүүлэлт болж байна. БНХАУ эдийн засгаа эргэн нээснээс гадна Сар шинийн баярын амралт дууссан нь эрэлт сэргэхэд нөлөөлж байгаа аж.
"Petro Matad" хөрөнгө босгоно
"Petro Matad" компани анхдагч зах зээлд хямдралтай үнээр хувьцаа санал болгож багадаа дөрвөн сая ам.доллар, мөн хувьцааны жижиг хөрөнгө оруулагчдаас 500 мянган фунт стерлинг босгохоор төлөвлөж байгаагаа мэдээллээ. Газрын тосны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тус компани босгосон хөрөнгөө "Velociraptor 1" талбайд өрөмдлөг, үнэлгээ хийхэд голчлон зарцуулах аж. Нэгж хувьцааг 2.5 пенсээр санал болгох бөгөөд хоёрдугаар сарын 10-наас эхлэн арилжааг эхлүүлэхийг мөн дурдсан байна.
Байр суурь
"Миний бодлоор хүмүүс залуу наснаасаа эхлээд их аялдаг болсон нь худалдан авалтыг өдөөж байна. Өмнө нь төдийлөн харагддаггүй байсан брэндийн автомашинууд ихээр орж ирсэн нь бас нөлөөлсөн байх. Хангалтгүй борлогдохгүй байх гэж үзэж байсан тул эхэндээ "Defender V8" загварыг Монголын зах зээлд оруулж ирэх бодолгүй байсан. Гэхдээ бид бодлоо өөрчилж, зах зээлд оруулж ирэхэд яг л жигнэмэг шиг зарагдаж байна. Тиймээс эдгээр автомашинуудыг худалдаалахад олдоц, хүртээмжтэй байдал хамгийн чухал. Дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нь бэлэн байхад хүмүүс гадаадаас худалдан авах шаардлагагүй. Энэ утгаараа худалдан авагчид байсаар байх болно" хэмээн "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Крейг Райт "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Алтны төлөв
Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авсан нь сүүлийн дөрвөн жилийн ижил хугацааны хамгийн бага үзүүлэлт болж байна. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216 мянга 205 төгрөг байсан бол дундаж үнэ 210 мянга 307 төгрөг байсныг мэдээлжээ. Үүнээс гадна Монгол Улс өнгөрсөн онд 1.12 тэрбум ам.долларын дүнтэй 19.7 тонн алт экспортод гаргасан нь 2021 оны гүйцэтгэлээс буурсан үзүүлэлт боловч 2024 оноос алтны экспорт нэмэгдэж, хоёр тэрбум ам.доллар руу дөхөх боломжтой гэж салбарын судлаачид үзэж байна.
Өсөлт хадгалагдав
Нэгдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.55 тэрбум ам.доллар болж, сарын дүнгээр 4.71 хувиар өссөнөөр гурван сар дараалан өсөлтөө хадгалсныг Монголбанк мэдээллээ. Харин нийт гадаад валютын нөөцийн үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.77 хувиар буурсан байна. Нөөцийн үлдэгдлийг бүтцээр нь авч үзвэл 86.9 хувийг гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц, 9.4 хувийг мөнгөжсөн алт буюу алтны хадгаламж, алтны своп хэлцэл бүрдүүлж байна.
Экспортын үүд
Монгол, БНХАУ хоорондын худалдааны гол боомт болох Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын бараа эргэлт нэгдүгээр сард 1.42 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 90 гаруй хувиар өссөнийг "China Railway Hohhot Group" мэдэгдлээ. Тайлант хугацаанд БНХАУ-ын тал тус боомтоор 1.18 сая тонн ачаа импортолж, 238.6 мянган тонн ачаа экспортолсон байна. БНХАУ-д Covid-19-ийн хязгаарлалт суларснаас гадна гаалийн бүрдүүлэлт, шалгалт, ачаа тээврийн явцыг хөнгөвчилсөн нь бараа эргэлт өсөхөд эергээр нөлөөлжээ.
Дипломат бөмбөлөг
БНХАУ-ын тагнуулын зорилготой байж болзошгүй агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгааг илрүүлсний дараа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд хийх айлчлалаа хойшлуулав. Агаарын бөмбөлөг Хойд Америкийг хөндлөн гулд туулж, бямба гарагт Атлантын далайд хүрэх үед Пентагон сөнөөгч онгоцоор буудан унагажээ. Цаг уурын судалгааны зориулалттай бөмбөлөг жолоодлогоо алдсан хэмээн тайлбарлаж байсан БНХАУ-ын талаас АНУ-ын алхмыг "хэт сүржигнэсэн" хэмээн шүүмжилж, ижил нөхцөл байдал үүсвэл адилхан хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлжээ.
Шинэ үйлдвэр Мексикт
"Tesla" компани Мексик улсад хэрэгжүүлэх төслөө удахгүй зарлахаар төлөвлөснийг тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдээллээ. Одоогоор Мексик улсын Засгийн газраас тэрбумтан Илон Маскийн компанид үйлдвэрээ барих байршлыг хайхад тусламж үзүүлж байгаа аж. Тус улс дотоодын зах зээлд орж ирж буй компаниуд улам нэмэгдсэнийг давуу талаа болгон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна.
"ChatGPT"-ийн өрсөлдөгч
"Google" ойрын хугацаанд өөрийн гэсэн хиймэл оюунд суурилсан хэлний моделиудыг бүтээхээр ажиллаж байгааг "Alphabet" компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдээлжээ. Тус компанийн өрсөлдөгч "Microsoft" өөрсдийн "Bing" хайлтын систем зэрэг бүтээгдэхүүндээ "ChatGPT" хиймэл оюунтай чатботын функцүүдийг нэмэх төлөвлөгөөгөө баталсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн нь онцлог болж байна. "Google"-ийн хэрэглэгчид удахгүй хэлний моделиудыг "хайлтын туслагч" болгон ашиглах боломжтой болохыг Сундар Пичай онцолжээ.
Нэг сумаар...
Одоогоор энэ оны "хамгийн догь" загвартай консепт автомашиныг "Audi" компани бүтээгээд байна. "Audi Activesphere" нь SUV ангиллын автомашинаас бартаат замын пик-ап автомашин болон хувирдаг загвартай аж. Өндрөөрөө "Audi Q4"-тэй ижилхэн, 22 инчийн өвлийн дугуйтай, шилэн оруулга ихтэй, арын шилэн хавтан нь эвхэгдсэнээр пик-ап стилийн ачаа нь ил гардаг аж. Ингэснээр хэрэглэгчид хот дотор унах SUV, хөдөө гадаа унах зай талбай томтой пик-апыг нэгэн зэрэг авах боломжтой болж байна.
Энэ долоо хоногт
Даваа: Евро бүсийн жижиглэн худалдааны тайлан, ХБНГУ-ын хэрэглээний үнийн индекс гарна.
Мягмар: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст хандан мэдэгдэл хийнэ. АНУ, Франц, Тайванийн гадаад худалдааны дүн мэдээлэл танилцуулагдана.
Лхагва: Disney, Uber-ийн улирлын орлогын тайлан гарна. ОХУ-ын хэрэглээний үнийн индекс, ажилгүйдлийн түвшин танилцуулагдана.
Пүрэв: Европын Холбооны удирдагчид Брюссельд чуулж, цагаачлал зэрэг асуудлаар хуралдана.
Баасан: БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэлийн үнийн индекс танилцуулагдана. Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт гарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.