Гурван өгүүлбэрээр:
Алдагдал буурав
Төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 оны гүйцэтгэлээр буурч, 727.31 сая ам.доллар боллоо. 2021 онд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 1.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 тэрбум ам.доллароор өсөж байв. Харин 2022 онд төлбөрийн тэнцлийн алдагдал жилийн дүнгээр буурахад XI, XII сард төлбөрийн тэнцэл 600 гаруй сая ам.долларын ашигтай гарсан нь гол нөлөө үзүүлжээ. Ингэснээр 2022 оны эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 3.39 тэрбум ам.доллар хүрснийг Монголбанк тайлагналаа.
Сайн үзүүлэлтүүд
2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж ҮСХ тооцоолсон байна. Европын эрчим хүчний салбар тогтворжиж, БНХАУ хилээ нээсэн зэргийг харгалзан үзэж ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилсэн нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж буйгаа Эдийн засаг, хөгжлийн сайд онцолж байв. Мөн Засгийн газрын олон улсад арилжаалсан бондын эх үүсвэр валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсний сацуу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулсан хэмээн үзжээ.
Байр суурь
"Эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх нь олон эерэг үр дагавар авчирна. Хэдийгээр эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал тааруу байгаа ч барилга, байгууламжийн ашиггүй зарцуулалтыг бууруулснаар эрчим хүч хэмнэх боломжтой. Монголд ногоон барилгын стандартыг нэвтрүүлж болно. Мөн Монгол бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болох нөөц бололцоо байгааг судалгаа харуулдаг. Дээр нь ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг бүс нутгийн орнуудын эрчим хүчний экспорт дайран өнгөрөх боломжтой. Нар, салхины эрчим хүчний маш их боломж бий. Говийн бүс дангаараа 2.6 тераватт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй" хэмээн Олон Улсын Санхүүгийн Корпорацын Mонгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Ам биш хил
Нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн Үндэсний Төвөөс олгодог байсан бол энэ оноос олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд өгч эхэлж байна. Нийт 7800 зөвшөөрөл олгохоос 60 хувь буюу 4860 зөвшөөрөл олгох эрхийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ЗТХЯ болон Авто тээврийн газраас өгчээ. Тус компани хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нүүрсээ уурхайн амны үнээр бус хилийн үнээр тооцож, цахимаар ил тод арилжаалахаар болсон юм.
Хүлэмжийн хийг наймаална
Монголын Хөрөнгийн бирж арилжааны системдээ өөрчлөлт оруулж, хүлэмжийн хийн ялгаруулалтын зөвшөөрөгдсөн хэмжээгээ кредит болгон наймаалах механизм буюу карбон кредитийн арилжааг эхлэхэд бэлэн болсноо зарлаад байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн карбон кредитийн чиглэлээр дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг "Ureca" компани Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцжээ. Бонд, карбон кредит зэрэг орчин үеийн санхүүжилтийн механизмуудыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт онцолж байв.
Өрсөлдөх чадвар
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 оноо болж, өмнөх оноос зургаан оноогоор буурсныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв мэдээллээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд үнэлж тооцсон энэхүү тайланд Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг удаалсан байна. Харин Ховд, Увс, Баян-Өлгий буюу баруун хязгаарын гурван аймгийн өрсөлдөх чадвар өнгөрсөн оноос хамгийн их буурчээ. Бизнесийн эрх зүйн үзүүлэлтүүд суларсан нь Аймгуудын өрсөлдөх чадвар буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл болсныг тайланд онцолсон байна.
"Aspire Mining"-ийн ахиц
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining" компанийн нүүрсний нийлүүлэлт 2022 оны 12 дугаар сард 4.5 сая тонн давж, дээд түвшинд хүрснийг мэдэгдлээ. БНХАУ Covid-19-тэй холбоотой хязгаарлалтуудаа бууруулж, нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсэнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэр нийлүүлэлтэд сайнаар нөлөөлснийг тодотгожээ. Ингэснээр оны эцсийн байдлаар тус компани 29.6 сая австрали долларын бэлэн мөнгө болон хуримтлалын нөөцтэй байна.
"Rio Tinto"-ийн тайвшрал
"Rio Tinto" компани баруун Австралийн бөглүү цөл нутагт алдаад байсан цацраг идэвхт капсулаа олж чаджээ. Төмрийн хүдрийн нягтыг тодорхойлоход ашигладаг найман мм хэмжээтэй тэрхүү капсул нь "Rio Tinto"-ийн уурхайгаас Перт хот руу хүргэлт хийж байсан ачаа тээврийн автомашинаас унасан аж. Албаныхан эрлийн ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн ажилчдыг "өвсөн бухал дотроос зүү олж чадлаа" хэмээн магтсан байна.
Амбани Аданиг гүйцэв
Тэрбумтан Гаутам Адани Ази тивд ч улсдаа ч хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алдлаа. Түүний өнгөрсөн онд хөрөнгөө нэмэгдүүлсэн нийт дүн болох 44 тэрбум ам.доллар ердөө долоо хоногийн дотор тэр чигтээ үгүй болсон байна. Бизнесийн эзэнт гүрнийг нь луйврын хэрэгт буруутгасан "Hindenburg Research"-ийн дайралт сунжрах тусам Гаутам Адани "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексэд байр ухарсаар өдгөө хөрөнгийн хэмжээгээрээ нутаг нэгт магнат Мукеш Амбанигийн хойно бичигдэх болов.
Хурд саарсан ч...
Лхагва гарагт болсон мөнгөний бодлогын хурлаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 4.5-4.75 хувийн түвшинд хүргэв. Инфляцыг Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувьд авчрахын тулд бодлогын хүүг дунд хугацаанд өндөр түвшинд хадгалж, дахин хэд хэдэн удаа өсгөхөөр байгааг Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдэлдээ дурджээ. 12 дугаар сарын хурлаараа Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг мөн адил 25 суурь нэгжээр өсгөсөн бол түүнээс өмнө дөрөв дараалан 75 суурь нэгжээр өсгөсөн юм.
Европын аврагч
Евро бүсийн эдийн засаг 2022 оны сүүлийн улиралд өсөлттэй гарч, шинжээчдийн таамгийг эвдсэн нь Ирланд улсын эдийн засаг ихээхэн хувиар тэлсэнтэй холбоотой болохыг шинжээчид онцолж байна. “Үндэстэн дамнасан корпорацуудын нөлөөгөөр Ирландын эдийн засаг 3.5 хувиар тэлсэн нь Евро бүсийн өсөлтөд 0.1 нэгж хувийн дэм үзүүлж, нийт үзүүлэлт хасахаас нэмэх рүү хэвийхэд гол жин дарсан” хэмээн Европын тэргүүлэх эдийн засагчдын нэг Жэми Раш "Bloomberg Economics"-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Мягмар гарагт эдийн засгийн дүн мэдээлэл гарахаас өмнө шинжээчид Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.1 хувиар буурна гэж тооцоолж байсан ч эсрэгээрээ 0.1 хувийн өсөлт үзүүлсэн юм.
Өрийн эрсдэл
Компаниудад тулгарч буй хямралаас үүдэлтэй эрсдэлийг хязгаарлахын тулд улс орнууд одоогоос арга хэмжээ авах ёстойг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа. Компаниудын эрсдэл хүндрэх нь олон орны эдийн засаг, санхүүгийн системд ноцтой хүндрэл учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Цар тахлын үеэр компаниудын өрийн хэмжээ 12 их наяд ам.доллароор нэмэгдсэн бөгөөд өрийн хямралаас шалтгаалан эдийн засагт нь дунд хэмжээний эрсдэл үүсээд буй улс орны тоо нэмэгдсэнийг ОУВС онцолсон байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Их Британид ажлын байр нэмэгдэхэд сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлт ихээхэн нөлөөлж байна
Норвегийн Баялгийн сан үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудад эзэмшдэг хувиа нэмэгдүүллээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.