СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-01

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан долоон тохиолдол

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

1990 оноос хойш байгуулагдсан үе үеийн парламентад ард түмнээс эрх авч УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалуулсан ч сайн дураараа татгалзсан цөөхөн тохиолдлын нэг өнөөдөр тохиов.

Тодруулбал, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Жамъяангийн Мөнхбат өөрийн хүсэлтээр парламентийн гишүүний бүрэн эрхээс татгалзаж, сайн дураараа хэргээ шалгуулах хүсэлтээ гаргалаа.

Түүнээс өмнө анхны тохиолдол нь өдгөө Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй Ухнаагийн Хүрэлсүх. Тэрбээр 2012 онд ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад уламжилж, хүсэлтийг нь парламент хүлээн авч байжээ. Хэдийгээр "эхнэрээ асрах" шалтгаанаар УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзсан ч тухайн үед тэрбээр казино тоглосон хэргээр шалгагдаж байсныг эргэн сануулъя. 

Түүний дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн, өдгөө БШУ-ны сайдаар ажиллаж буй Л.Энх-Амгалан. Тэрбээр, 2017 онд бүрэн эрхээсээ татгалзаж, АТГ, ЦЕГ-т шалгуулахаар болж байсан ч хүсэлтийг нь Их хурал хүлээн аваагүй тул гишүүний суудалдаа хэвээр үлдэж, сонгуульт жилээ дуусгаж байсан аж. 

Түүний дараа Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 онд бүрэн эрхээсээ татгалзаж байжээ. Түүнийг "Хүчингийн хэрэгт" яллагдагчаар татаж, албадан ирүүлэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгсний дараа ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаа өгч, тухайн үеийн парламент ч хүлээн авч "үдэж" байжээ. 

Д.Гантулгын араас 2020 оны хавар Улсын Ерөнхий прокурор Жаргалсайхан Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаад байсан ч тэрбээр өөрөө бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулъя хэмээн хүсэлтээ гаргаснаар Төрийн ордны хаалгыг хааж явсан. 

2016-2020 онд өрнөсөн "ЖДҮ-ийн хэрэг" гэгч дуулианы үеэр тухайн үеийн парламентад байсан Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Н.Амарзаяа, А.Ундраа, М.Билэгт нарын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, уг хэрэгт холбоогүй гэдгээ "нотолно" хэмээн мэдэгдэж байсан ч ганц зориг гаргасан нь Н.Номтойбаяр байсан билээ

2020 оны зуны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн шинэ парламентаас мөн л бүрэн эрхээсээ татгалзсан эхний хүн нь өдгөө НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазарын бусдаасаа ялгарах онцлог нь элдэв хэрэг төвөг, шүүх цагдаагийн асуудал биш албан тушаалын "наймаа" байсан. Тэрбээр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахын тулд 2020 оны намар бүрэн эрхээсээ татгалзаж байжээ. 

2020 онд бүрдсэн парламент барцад ихтэй байгааг гурван ч гишүүн нь бүрэн эрхээсээ татгалзсан жишгээс харж болно. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны хэрэг болон Нүүрсний хулгайн гэх хэргүүдэд давхар холбогдсон. Түүний хэрэг нийгэмд дуулиан тарьж эхлэх үеэр буюу 2022.04.09-нд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан. Гэсэн ч хүсэлтийг нь УИХ хүлээн аваагүй тул тэрбээр өнөөдөр халдашгүй дархан эрхээ эдэлсэн хэвээр Төрийн ордонд суусаар байна.

Харин өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр, өөрийг нь тойрсон хардлага сэрдлэгийг цэгцэлж, жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдъя гэжээ. 

Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж, нууц санал хураалтаар гишүүдийн олонхи нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг хуультай. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд бүрэн эрх нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.10

УИХ....Бүрэн эрхээсээ түдгэлзье гишүүдээ Тухайн бүр нь цэьэрлэж бж парламент Эрүүлжинэ....Хаа бна Тэр 33.3 ын...Дамдинням...Ганхуяг...нүүрсний...Раднаасэд....Баттөмөр...Ажнай цолт Батэрдэнэ...нөгөө бензин клонкийн..2.нөхөр...г.м үүд нь......хууль хэрэгжүүлэх бллага бтал....Муу юмны бөөгнөрөлын Этгээдүүд ч гэхээр.....Монгол Төрийн Нэр хүндийг....#Далдуур #үгүй....хийгчидийн...#Бааз суурь блгож.....бх блолтой....#Ёстой Хулгай Бузартай#Дэвтэй юм нуудуу гэлтэй....Балай юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.