Койнд их хэмжээний мөнгө зарцуулж хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:
-Сүүлийн долоо хоногт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нийт 12 гомдол ирсний дийлэнх нь крипто валютныхаа цахим хэтэвчнээс мөнгө алдлаа гэж мэдээлэл байна. Нийт 300 гаруй сая төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон. Цахим хэтэвчнээсээ мөнгө алддаг, нууц үгээ өгдөг хэрэг сүүлийн үед ихэсч байна.
Ямар тохиолдлуудад мөнгөө алдаж байна гэхээр, хортой холбоосуудад тухайн хэрэглэгчийн койных нь нэрийг бичээд, “Урамшуулал зарлалаа, үүнд орж нэр, мэдээллээ өгөөч” гэдэг. Ингээд нууц үгээ алдаж, түүгээр нь нэвтэрч койныг нь залилж байгаа тохиолдлууд гарч байна.
Мөн, иргэд өөрсдөө бие биедээ итгээд койноо цахим хэлбэрээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор шилжүүлээд алдах тохиолдол их байна.
Түүнчлэн крипто валют эзэмшигчийн утасны дугаар, и-мэйл хаяг, хувийн мэдээллийг өөрчлөөд, койн хэлбэрээр гадаад руу гаргах тохиолдлууд их гарч байна.
Иймд иргэд хортой холбоосоор дамжин, хувийн мэдээллээ өгөөд, хэтэвчнийхээ хамаг мөнгөө алдахыг таслан зогсоох хэрэгтэй байгаа. Үүнд маш сайн анхаарах хэрэгтэй байна хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.