Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд хориг тавьсантай холбоотойгоор ЦХХХ-ны сайд Н.Учралаас тодруулж байна
ЦХХХ-ны сайд Н.Учрал
-Монгол Улсын ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан байна. Тус хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Процессын хувьд алдаа гарсан гэж үзэж байгаа гэдэг мэдээллийг ЕТГ-аас өгсөн мэдээлэлд дурдаж байна. Миний хувьд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргасан учраас тус хуулийн төслийг өргөн барьсан. ҮАБЗ дээр хууль хяналтын байгууллага тодорхой мэдээллүүдийг өгдөг. Цахим залилангийн асуудалд иргэдийгээ хамгаалж ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан гэдэг л мэдээлэл байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр тус асуудал бас яригдсан.
Гэхдээ миний үнэт зүйл, үзэл санаа өөрчлөгдөөгүй ухраагүй. Цахим залилан 99.8 хувиар өссөн, гэмт хэрэг 3.8 дахин өссөн, 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн хугацаанд учирсан байгаа. Цахим залилан сошиал дээр хамгийн ихээр явагддаг. Ингээд иргэдийг хохироодог. Иргэдээ, хохирогчдоо хамгаалах эхний алхам байсан. Цаашдаа иргэдээ мэдээллээр хангах, хийж хэрэгжүүлэх ажлууд олон байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд тасралтгүй ажиллана. УИХ ерөнхийлөгчийн тус хоригийг хүлээн авах байх гэж бодож байна. Цаг нь ирэхээр дахин тус хуулийн төслийг өргөн барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.