СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-30

Монголыг сонирхохгүй байна...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. МХБ-ийн "Топ 20" сагсанд багтсан банкнуудын цэвэр ашиг болон өгөөж 2022 онд огцом өсөв.
  2. БНХАУ, Хонгконг, Сингапурын 50 гаруй компани нүүрсний платформоор дамжуулан нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлснийг МХБ мэдээлэв.
  3. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавина.

Банкнууд "цойлов"

IV улиралд IPO хийж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн анхны системийн нөлөө бүхий банк болсон "Төрийн банк"-ны цэвэр ашиг өнгөрсөн оны эцсээр 96 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны үеэс 87 хувиар өссөн бол хөрөнгө оруулалтын өгөөж нь 22 хувьд хүрсэн байна. Харин "Голомт банк"-ны цэвэр ашиг нь IV улиралд 100 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 355 хувиар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус банкны хөрөнгө оруулалтын өгөөж 14 хувьд хүрсэн бол өөрийн хөрөнгө нь 42 хувиар өсөж, 844 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. 

Биржийн нүүрс

БНХАУ, Хонгконг, Сингапурын 50 гаруй компани нүүрсний платформоор дамжуулан нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж, бүртгүүлснийг МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдлээ. Харин дотоодоос "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" болон "Mongolian Mining Corporation" компаниуд энэхүү цахим платформоор нүүрсээ арилжихаар бэлдэж, одоогоор туршилтын эхний арилжаагаа хийгээд байгаа бөгөөд хоёрдугаар сараас арилжаа тогтворжино гэдгийг онцлов. Хэдий тийм боловч зах зээл одоогоор борлуулагч талдаа ашигтай байгаа учраас зах зээлийн нөхцөл байдал эргэхээс болгоомжлох хэрэгтэйг Судлаач М.Дагва анхааруулсан юм.

Байр суурь

"Манай улс төрчид, салбарын удирдагчдын хувьд нэг зүйлийг гүйцэд ойлгож чадахгүй байна. Хайгуулын лицензээ буцаагаад олгоод эхэлбэл хөрөнгө оруулагчид бүгд буцаад орно гэж бодох нь маш том алдаа. Би энэ салбарын дарга, сайд нарыг дагаж 2018 оноос хойш бараг дэлхий дээрх бүхий л хөрөнгө оруулалтын хурал чуулгануудад оролцож, "Монгол руу орж ирээч" гэж явсан. Яг үнэндээ гадаад орчинд Монголыг сонирхохгүй байгаа. Тоох ч үгүй байна. Одоо бид юу хийх ёстой вэ гэвэл, тусгай зөвшөөрөл олголтоо  тодорхой хэмжээнд сэргээх нь зөв боловч эхлээд гадаадынхны сонирхлыг татах хэмжээний том дата, мэдээлэл бэлдэх ёстой. Монголыг маш их потенциалтай гэж мэдээд байгаа боловч орчин үеийн, дижитал технологиор, англи хэл дээр бэлдсэн дата байхгүйгээс хүндрэл учирч байна" хэмээн Судлаач М.Дагва "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Ерөнхийлөгчийн хориг

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болоод буй. “Энэхүү хууль нь Төрийн эрх баригч хүссэн цагтаа мэдээллийн сүлжээг хязгаарлах, хянах эрх мэдлийг хуулиар баталгаажуулсан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх өндөр эрсдэлтэй” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (AmCham Mongolia) анхааруулж байв.

"Сүү"-ийн амжилт

"Сүү" ХК 2022 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний буюу 21.2 сая литр сүү авч, 2500 бэлтгэн нийлүүлэгчдэд 27.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Тус компани нийт 7000 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2500 бэлтгэн нийлүүлэгчдээс сүүгээ авч, 500-600 ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулж, 4200 харилцагч буюу дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 206 үйлдвэр үйл ажиллагаа явуулдгаас "Сүү" ХК нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг дангаараа хангадаг аж.

Шинэ өрсөлдөгч

ОХУ-ын сүлжээ дэлгүүр "Fix Price" сүүлийн байдлаар Улаанбаатар хотын Саппоро, III, IV хороололд нийт хоёр салбараа нээгээд байна. Олон улсад нийт 5663 салбар дэлгүүрээр үйл ажиллагаа явуулдаг тус сүлжээний хувьд Монгол Улс салбараа нээсэн найм дахь орон нь болж байгаа аж. "Fix Price"-ийн орлого 2022 онд 20.5 хувиар өсөж 277.6 тэрбум рубль буюу 3.9 тэрбум ам.доллар болсныг TASS агентлаг мэдээлжээ.

Lexus-ийн босс Toyota-д

"Toyota" компанийг удаан хугацаанд амжилттай удирдаж, өвөг эцгийнхээ бизнесийг дэлхийн автомашины зах зээлийн тэргүүлэгч болгосон Акио Тоёода компанийнхаа Гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж, "Lexus"-ийн тэргүүнд шилжүүлэн өгөхөөр болжээ. Өдгөө "Toyota"-ийн Брэндинг хариуцсан захирал, мөн тус компанийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Lexus"-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Кожи Сато дөрөвдүгээр сарын нэгнээс шинэ албан тушаалаа хүлээн авах юм байна. Өдгөө 53 настай түүнийг "Tesla"-аас тэргүүлэгчийн байр сууриа буцаан авах, мөн цахилгаан автомашины шилжилтэд хугацаа их шаардагдана гэдгийг хөрөнгө оруулагчдад итгүүлэх гэсэн хоёр том сорилт хүлээж байна.

"Nokia"-ийн сэргэлт

Макро эдийн засгийн тааруу нөхцөл байдал үргэлжилж, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчид 5G сүлжээнд мөнгө зарцуулахдаа болгоомжлонгуй хандаж байгаагаас үл хамааран эрэлт өндөр түвшинд хадгалагдсан тул "Nokia" компани өнгөрсөн улиралд төсөөллөөс дээгүүр хэмжээний орлоготой ажилласнаа тайлагнажээ. Финландад төвтэй үүрэн холбооны тус компанийн үйл ажиллагааны ашиг IV улиралд 27 хувиар өсөж, 1.15 тэрбум евро (1.3 тэрбум ам.доллар) хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох орлого нь 16 цент болсныг пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

"Tesla"-ийн төсөөлөлд

"Tesla" компани анх энэ онд 1.8 сая нэгж автомашин үйлдвэрлэх зорилт тавьж байсан бол Илон Маск энэ тоог хоёр сая болгон ахиулжээ. Мөн тэрбээр шинжээчидтэй ярилцах үедээ цахилгаан автомашины зах зээлд БНХАУ-ын компаниуд "Tesla"-ийн гол өрсөлдөгч болно гэж мэдэгдсэн байна. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид маш ухаалгаар ажилладгаас гадна тус улсын цахилгаан автомашины зах зээл хамгийн ширүүн өрсөлдөөнтэй талбар болсныг тэрбээр онцолсон аж. Илон Маскийн энэ мэдэгдлийн дараа "Tesla"-ийн хувьцааны ханш 11 хувиар өссөн нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болжээ.

10 жил юу ч биш...

Харахад "Rolex", "Philippe Patek"-тай огтхон ч төсгүй боловч хүмүүс энэ цагийг гар дээрээ авахын тулд хэдэн жил хүлээхээс ч буцахгүй байна. Тансаг зэрэглэлийн цагны ертөнцөд өөрийн гэсэн үнэнч хорхойтнуудын бүлгийг бий болгосон "MB&F" брэндийн нарийн, цогц дизайн сүүлийн үед илүү өргөн хүрээнд сонирхол татаж эхэлжээ. Швейцарын энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Максимилиан Бюссер өөрийн цагнуудаа "гандан бууршгүй" урлагийн бүтээлүүд гэж үздэг. Тус цагны үнэ 100 мянган ам.доллар хангалттай давдаг ч захиалгын хүлээгдэх хугацаа арван жил хүрэх тохиолдол ч байдаг аж.

Энэ 7 хоногт

Даваа: ОУВС дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төсөөлөө танилцуулна. Сар шинийн амралт дуусаж, эх газрын Хятадын зах зээлүүд нээгдэнэ. 

Мягмар: Евро бүс болон ХБНГУ, Франц, Итали улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний дүн мэдээлэл гарна.

Лхагва: АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэр гарна. "Samsung" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна. 

Пүрэв: Европын Төв банк, Английн Төв банк  бодлогын хүүгийн шийдвэрээ тус тус танилцуулна. "Alphabet", "Apple", "Amazon", "Deutsche Bank"-ийн орлогын тайлан гарна.

Баасан: Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар болон Киев болон Европын Комиссын төлөөлөл хуралдана.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.23

Сайн л биздэээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.