Гурван өгүүлбэрээр:
Зэрэглэл ба дефолт
"S&P Global Ratings" олон улсын үнэлгээний байгууллага "Mongolian Mining Corporation" компанид өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлжих зэрэглэл тогтоохоо зогсоосон байна. Энэ хүрээнд компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлд тогтоосон CCC үнэлгээ, бондод тогтоосон CCC үнэлгээгээ татаж байгаагаа мэдэгджээ. Үүнээс өмнө S&P-ээс MMC-ийн материаллаг хөрвөх чадвар сул байгаатай холбоотойгоор ирэх 12-15 сарын хугацаанд ам.долларын бонддоо дефолт зарлах эрсдэлтэй гэж үзэж бaйв.
Карбон кредит
Дэлхий нийт ногоон эдийн засгийг чухалчилж байгаа энэ үед Монголын хөрөнгийн бирж карбон кредитийн арилжаа хийхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтын зөвшөөрөгдсөн хэмжээгээ кредит болгон наймаалах механизм буюу карбон кредитийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа Лондоны хөрөнгийн бирж өмнө нь онцолж байв. 2022 оны VI сарын байдлаар дэлхийн 46 улсын харьяанд нүүрсхүчлийн шууд үнийг тогтоох 68 механизм ажиллаж байгаагаас 32 нь карбон арилжааны систем болохыг Дэлхийн Банк мэдээлсэн юм.
Байр суурь
"Инфляц, бодлогын хүүгийн зөрүү буюу сөрөг хүү 0 болсон гэдэг утгаараа цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх орон зай харагдахгүй байна. Гэхдээ мэдээж инфляцыг нэг оронтой тоо руу хурдан оруулах, хоёрдугаарт Монголбанкны зорилтот түвшин буюу 6-8 хувийн түвшинд хүргэж, хяналтдаа оруулж чадвал бодлогын хүү эргээд эрчимтэй буурах ч орон зай байгаа" хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгүүлэв.
ЗГ-ын хүсэлт
"Оюу Толгой" төслийн өргөтгөлийн ажлын төсөв 2016 онд 5.3 тэрбум ам.доллар байсан бол одоо 7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь санхүүжилтийн асуудал дагуулж байгаа тул энэ дүнг дахин нэмэгдүүлэхгүй байхыг Монголын Засгийн газар "Rio Tinto" компаниас хүссэнийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Төсөв хэтэрсэнтэй холбоотой талуудын маргаан удаан үргэлжилж, 2022 онд "Rio Tinto" Монгол Улсын Засгийн газрын 2.4 тэрбум ам.долларын өрийг цайруулснаар маргаан намжсан юм.
KT Монголыг сонгов
"Korea Telecom Corporation" газрын ховор элемент, алт, зэс зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалыг Монголоос БНСУ-д нийлүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. БНСУ-ын харилцаа холбооны тэргүүлэгчдийн нэг болох тус компани газрын ховор элементийг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан бүтээгдэхүүн, автомашины эд анги зэрэг олон салбарт ашиглах болохоо онцолсон байна. Үүнээс гадна "Korea Telecom Corporation" групп Монголд эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байгааг Засгийн газар мэдээллээ.
₮ карт БНСУ-д
Монголбанк болон БНСУ-ын "BC Card" компани хоёр талт гэрээ байгуулж, дотоодын "₮ карт"-аар БНСУ-д, мөн тус компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэхээр боллоо. Гэрээнд дөрвөн үндсэн үйлчилгээг тусгасны дотор БНСУ дахь "BC Card" компанийн 3.2 сая мерчант дээр төгрөг картаар гүйлгээ хийх, ATM-үүдээр дамжуулан гүйлгээ хийх зэрэг боломжууд багтжээ. Мөн E-commerce буюу хоёр улс хооронд худалдаа хийх боломжтой болсныг Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар онцоллоо.
Жуулчдын үер
Урд хөршид дотоодын аялал жуулчлал үерийн хаалт сэтэрсэн мэт эрчимтэй сэргэж байна. Сар шинийн баярын амралтын үеэр БНХАУ-ын аялал жуулчлалын бүс нутгууд, хамгийн үзэсгэлэнтэй газрууд жуулчдын хөлд дарагджээ. Тухайлбал Хуаншанийн ууланд зочилсон жуулчдын тоо улирлын дүнгээр 2018 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн бол Хунанийн ойн парк нэг өдөрт 60 мянган хүн хүлээн авсан нь дээд амжилт болжээ. Мөн Макаод очсон жуулчдын тоо сар шинийн амралтын үеэр өнгөрсөн оны мөн үеэс 300 хувиар өссөн байна. 40 хоног үргэлжилдэг Хаврын баярын нийт хугацаанд 2.1 тэрбум аялал хийгдэнэ гэж Бээжингээс тооцоолж байна.
Зөөлөн газардана
Өнгөрсөн улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт яльгүй саарсан үзүүлэлттэй гарсан нь Холбооны нөөцийн банкны хүсэмжит үр дүн боллоо. Тус улсын ДНБ дөрөвдүгээр улиралд жилийн дүнгээр 2.9 хувиар өссөн нь өмнөх улирлын 3.2 хувиас буурсан үзүүлэлт боловч шинжээчдийн төсөөллөөс илүү гарсан байна. Төв банк ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ өсгөх хувиа сулруулах хүлээлттэй байгаа энэ үед дээрх дүн мэдээлэл нь АНУ-ын эдийн засагт уналтаас зөөлөн газардах боломж байгааг харуулж байна.
Литийн халуурал
Дэлхийд литийн олборлолтоор тэргүүлдэг "Albemarle" компани цэнэг хураагуурын металлын шинэ эх үүсвэрийг хөгжүүлж, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхийн тулд литийн үнийг өнөөгийн өндөр түвшинд удаан хадгалахыг уриалсан нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Өнгөрсөн онд литийн үнэ даруй хоёр дахин, сүүлийн гурван жилд бараг ес дахин өссөн нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд эрсдэл учруулах болсон юм. 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд литийн эрэлт 3.7 сая тонн хүрэх бол тухайн үед "Albemarle" 600 мянган тонн лити ханган нийлүүлэх тооцоотой байгаа аж. Мөн 2023 онд литийн үнэ 2022 оны түвшнээс 40 хувиар өснө гэж тус компаниас тооцоолжээ.
Солонгосчуудын тансаглал
Нийгмийн статусын хойноос хөөцөлдөгсөд, орон сууцны орлого ихтэй эзэд, "нэг л амьдарна" уриатай миллениалууд хамтран БНСУ-ыг нэг хүнд ноогдох тансаг бүтээгдэхүүний зарцуулалтаараа дэлхийд тэргүүлдэг орон болгожээ. Нэр хүндтэй дизайнерын брэндийн гар цүнх, 2000 ам.долларын үнэтэй өвлийн хүрэм гээд хувийн зориулалт бүхий тансаг зэрэглэлийн бүхий л бүтээгдэхүүнд Өмнөд Солонгосчуудын зарцуулсан дүн 2022 онд 24 хувиар өсөж, 21.8 их наяд вон буюу 16.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг иргэн бүрд хуваан тооцвол нэг хүнд 325 ам.доллар ноогдож байгааг "Morgan Stanley"-ийн энэ сард гаргасан тайланд дурдсан байна. Цар тахлын үед БНСУ-ын зарим хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, орон сууц эзэмшигчдэд их хэмжээний орлого авчирсан нь үүнд голчлон нөлөөлжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ажлын байрны цомхотгол хийж буй ээлжит технологийн компани нь “IBM” болов
Цахилгаан автомашины шилжилтийн нөлөөгөөр үйлдвэрлэгчдийн “ногоон бонд”-ын арилжаа 2 дахин өсөж магадгүй
“Hyundai Motor” цахилгаан автомашины хөгжүүлэлтэд зориулан $8.5 тэрбумын төсөв батлав
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.