СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хот малын хороо биш

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хот гэдэг хүний төвлөрөл. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдийн засаг, нийгэм, соёлын төв төдийгүй хүн амын төв гэдэг утгаараа онцгой анхаарал хандуулах учиртай газар мөн. Тиймээс ч учирч болох эрсдэлийн хэмжээ, далайцыг харж шийдвэр гаргах, арга хэмжээ авах ёстой.

Сүүлийн үед хотын зах, суурьшлын бүсэд мал олноор орж ирэх болжээ. Нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн зэрэг нөхцөл ч үүнд нөлөөлсөн. Нөгөө талаас малчид, малтай иргэдийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдэл ч бий. Хамгийн гол нь, хүн ам ихээр төвлөрсөн хотод мал, амьтан хараа хяналтгүй ийнхүү “бэлчих” нь хэр зөв бэ?

Хамгийн энгийнээр бодоход хотод байгаа мал гудамж талбай бохирдуулах, мод, сөөг идэж сүйтгэх, улмаар айл өрхийн хувийн эзэмшил, хашаа хороо руу орох гээд түвэг мундахгүй. Нөгөө талаас малын халдварт, гоц халдварт өвчин гарах эрсдэлтэй.

Энэ сарын эхээр нийслэлийн Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ өвчин нь нийслэлээс гадна орон нутагт, тодруулбал 10 аймгийн 29 сумд гараад байна. Хамгийн сүүлийн байдлаар Булган аймгийн Баян-Агт, Хөвсгөл аймгийн Төмөр булаг суманд нийт 70 толгой малд бог малын мялзан өвчний ил шинж тэмдэг нэмж илэрсэн аж.

Малаас малд, малаас мөн хүнд халддаг  зарим өвчний үүсгэгч нь ус, хөрсөнд үлдэж, улмаар өвчин дамжих нөхцөл бүрдүүлэх нь ч бий. 1.6 сая хүнтэй хотод гоц халдварт өвчин дэгдвэл юу болохыг төсөөлөөд үз дээ!

Улаанбаатар хотын ихэнх хэсэгт буюу  зөвшөөрснөөс бусад газарт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Бас учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахгүй биш, авсаар ирсэн. Нийслэлийн удирдлага, дүүрэг, хороодоос хот руу орж ирсэн малыг гаргах арга хэмжээг өмнө нь авч байсан, одоо ч авсаар байна.

Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран, цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байжээ.

Он гарсаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад буй аж. Мөн торгууль тавьж, шаардлага хүргүүлж, албан мэдэгдэл өгч ажилласан байна.

Ингээд ч хот дахь малын хөл татрахгүй бол хатуу арга хэмжээ авах цаг иржээ.  Хэлээд, торгоод, мэдэгдээд зогсохгүй бол малыг нядалгаанд өгөх, эздэд нь хатуу сануулахгүй бол улсын нийслэл малын хороо болох нь.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ха ха
1 жилийн өмнө
59.153.87.6

Готын ихэнхи нь малас дор юмнууд бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.