СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-01-26

Б.Ганбат: Зөв хандлагатай байхад мэдлэг, ур чадварыг эзэмшиж болдог

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны Шилдэг ажилтан, Ил уурхайн Тэргүүлэх геологич Б.Ганбаттай ярилцлаа.

Тэрбээр Ил уурхайн товчооны геологичид, дээж авагчдыг удирдан ажилладаг. Уурхайн ханын зураглал хийх, мөргөцгийн  ахилтыг хэмжих, Баяжуулах үйлдвэрт өгч буй хүдрийн дундажлалыг тооцох гээд тэд ажил ихтэй. Өрөөнд нь ороход тэрбээр энэ онд олборлох уулын цул ашиглалтын ажлын төлөвлөгөөг ширтэн суув. Хэдэн сард экскаватороо нүүлгэхээ цехийн удирдлагатайгаа ярилцана даа, гэж хийх ажлынхаа зах зухаас товч танилцуулж байлаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.

-Эхлээд, таныг төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар угаасан усны тань талаар  ярилцлагаа эхэлье? 
-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сөртийн хөндий гэдэг газар төрсөн. Өвөөгийндөө өссөн хүн. Одоогийн нэгдүгээр багийн нутаг. Сургуульд ортлоо хөдөө байсан. Ойрын хэдэн жил төрсөн газраа очсонгүй. Асга хадтай сайхан газар бий. Нэг удаа ээж, том ах хоёртой унасан газраа очин хөрвөөж байлаа. Аав, ээж маань Мөрөнгийн төвд байсан болохоор тэнд сургуульд орсон. Миний аав өрмийн инженер, геологич Дамбын Бульдан гэж хүн байлаа. ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн. “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газар хайгуул хийж явсан байдаг. Монгол, Чехийн хамтарсан Хөвсгөлийн геологийн экспедицэд өрөмдлөг хийж явсан түүхтэй.  Сүүлд аав маань эрүүл мэндийн шалтгаанаас өрмийн инженерийн ажлаа орхисон. Чингэхдээ Плехановын нэрэмжит Олон улсын дээд сургуульд эчнээгээр сурч орос хэлний багш мэргэжил эзэмшсэн байдаг. Аав маань намайг 16 настай байхад хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ээж болохоор 1968 онд АУДС-ийг  төгсөөд насаараа эмчээр ажилласан. Одоо гавьяаныхаа амралтад гарсан буурай бидэнтэй энх тунх амьдарч байна. 

-Сэтгэлээс гардаггүй аав, ээжийн захиас сургаал бий юу?
-Байлгүй яах вэ. Намайг наймдугаар ангийн сурагч явахад аав маань хэвтрийн өвчтэй байлаа. Хажуудаа дуудаж хичээл давтуулна. Сүүлдээ биеэ муудахаар та нар хүнтэй адилхан тэжээлгэх эцэггүй шүү гэж уурсах болсон. Тухайн үед энэ үгний учрыг сайн ухаж ойлгоогүй. Гашуун ч гэсэн үнэн үг байсан. Энэ үг одоо ч миний цээжинд хадаатай явдаг. Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Нэгэндээ дараа бололгүй өөрсдөө ажил амьдралаа авч яваад өнөөдөртэй золгосон байна.

-Та дунд сургуулиа төгсөөд геологич мэргэжлээр суралцсан уу?
-Үгүй үгүй. Ховдын багшийн дээд сургуулийн физик, математикийн ангид найман сар сурсан. Уг нь одон орны чиглэлээр суралцах мөрөөдөл тээж явлаа. Сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгосон ч миний хувь заяа өөрөөр эргэсэн.

-Тэгээд хэдийд нь геологич мэргэжлийг эзэмшчихэв. Геологичоор ажиллаж явсан үеэ дурсахгүй юу?
-Хөвсгөлд ирэхэд ээж маань Геологийн ангид улирлын ажилтнаар оруулчихдаг юм. Зунжин ажиллаад намар ирэхэд зүгээр суулгаж болохгүй гэж бодсон уу, уурын зууханд галчаар ажиллуулсан. Ингэж л хөдөлмөрийн амтанд орсон доо. Хавар нь эргээд Геологийнхоо экспедицэд  ажилласан. Энэ хугацаандаа ажилтан залуучуудын бэлтгэл нэрийн дор дээд сургуульд суралцах боломж олдсон юм. Тухайн үед Цэрэнжамц захирал шалгалтаа өгөөд тэнцвэл чиний дээд сургуулийн төлбөрийг төлье гэсэн. Шалгалтдаа тэнцэж тус байгууллагын зардлаар Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуульд суралцсан. Төгсөөд Хөвсгөлийн Геологийн экспедицэд   мэргэжлээрээ ажиллаж, хээрийн зураглалын геологийн ажил хийж эхэлсэн. Энд долоон жил хайгуулын геологичоор ажилласан. Аавыг бүгд таньдаг болохоор Хөвсгөлийн геологийн экспедицийн ангийнхан намайг их гоё хүлээж авсан. Ахмад ажилчдын гарын үзүүрийн бүх ажилд гүйдэг байлаа. Бульдангийн банди гээд хүн бүхэн надад сайн. Энд ажиллаж байхдаа сансрын болон газрын зураг сайн уншиж сурсан. Хаана нь ямар гуу жалга, чулуу байгааг тайлж унших жишээтэй. Тухайн үед манай улсын хэмжээнд хэдэн том экспедиц байсан. Төвийн болон Баянхонгор, Чойр, Хөвсгөл, Ховдын гэх мэт. Тус тусдаа өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Хөвсгөлийнх болохоор зураглал хийдэг том экспедиц. Нэг ангид зургаан инженер, таван геологи нийт 30-40 хүн хээрийн бригадаар явдаг байсан. Оюутан байхдаа Хэнтийн Дадалд дадлага хийсэн. Хөвсгөлийн геологийн экспедицэд ажиллахдаа Увс аймагт 200 мянгын зураглал дээр ажилласан. Ханхөхийн нурууны ар талын сумдын нутгаар явж ерөнхий эрлийн зураглал хийсэн юм. Тухайн орчинд ямар чулуу тархсан, ямар ашигт малтмал байх боломжтойг тогтоох хайгуулын ажил гэсэн үг. Дараа нь тухайн орчинд ямар чулуу, ямар ашигт малтмалын илэрц байгаа талаар тайлагнасан. 

-Та хэнээс юу сурч мэдсэн бэ?
-Би дээд мэргэжил эзэмшээд Хөвсгөлийн геологийн экспедицэд Монголын геологийн сор болсон ахмадуудтай ажилласан. Жужааны Самбуу, Талылхан, Чулуунбат, Ёндонпунцаг нарын том геологичидтой ажиллаж явснаараа бахархдаг. Эхлээд би тэднээс их сүрддэг байлаа. Эдгээр геологийн зураглалд мэргэшсэн мастеруудаас их юм сурсан. Хүн юмыг сурчихсан төрөх биш. Дөнгөж сургууль төгссөн, юу ч мэдэхгүй амьтан явахад надаар нэг маршрутын зургийг хоёр, гурван ч удаа хийлгэдэг тохиолдол байсан. Тухайн үед оросоор маршрутаа бичиж сурсан. Мэргэжлийн хэллэгийг боломжийн хэмжээнд мэдээд авсан гэж боддог. Сүүлийн үед уурхайн геологийн ажил хийж байна. Уурхайн геологийн ажлыг нүд нээгдсэний дараа хийвэл зүгээр. Өөрөөр хэлбэл, хээрээр явж хайгуулын геологийн ажил хийж дадлага туршлага суусан байвал илүү сайн ажиллана. Арай өргөн далайцтай сэтгэх юм шиг байна. Манай үйлдвэрийн Геологи хайгуулын экспедиц улсын хэмжээнд судалгаа явуулах эрхтэй. Залуу геологичдыг хээрийн хайгуул хийлгэн зураглалын ажилд дадлагажуулах хэрэгтэй. Ингэснээр залуус мэргэжилдээ өсөж хөгжинө.  

-Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо? 
-Ээж гавьяаныхаа амралтад гараад Эрдэнэтэд ах нарын  хамт ирсэн юм. Тэгээд намайг татаж авсан. Анх үйлдвэрийн Геологи хайгуулын ангид манаачаар ажилд орж байлаа. Гурван сар манаачаар ажиллаад өрмийн тоног төхөөрөмжийн засварчин болсон. Дараа нь Ил уурхайд геологийн зургийн техникч, геологич, Геологи маркшейдерийн хэлтэст тэргүүлэгч геологичоор ажилласан. 2013 оноос Ил уурхайн Тэргүүлэгч геологичоор ажиллаж байна. 

-Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ? 
-Их сонирхолтой мэргэжил. Би Хөвсгөлийн геологийн ангид байхдаа хавар болохоор  сэтгэл гэгэлзээд хөдөө явмаар санагддаг байлаа. Олон жил наадамд уясан морь шиг. Бид 4, 5 сарын үед хээрийн бригадаар гараад 11 сард ирнэ. Дунд нь улсын баярын үеэр хэд хоног гэртээ байна. Тэгээд буцаж яваад 11 сард хээрийн бригад бууна. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайханд олон жил ажилласан. Эзэмшсэн мэргэжлийнхээ буянд Баян-Өлгийгөөс бусад газар очиж үзлээ. Өглөөний цайгаа уугаад л уул руугаа алхчихна. Агаарын сайханд алхаж, анир гүмд ажиллана. Уур бухимдалгүй, сэтгэл тайван сайхан байдаг. Чулуугаа тогшоод алхаад байхаар хувь хүнд биеийн тамирын дасгал сургуулилт болдог. Сүүлдээ мэргэжлийн өвчин тусдаг юм шиг билээ. Заримдаа гудамжинд алхаж явахдаа газраас чулуу аваад шинжих энүүхэнд.  

-Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?
-Намайг Геологи маркшейдерийн хэлтэст ажиллаж байхад Австралийн “Майкромайн” программ Эрдэнэт үйлдвэрт дөнгөж нэвтэрч байлаа. Манай геологичид хамтраад 1991 онд батлагдсан нөөцийн тайланг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Ил уурхайн Тэргүүлэх геологичийн хувьд үйлдвэрлэлийн технологийн процесстой холбоотой ажил хийх болсон. Уурхайгаас ирэх хүдрийн чанараас үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн шалтгаалдаг. Иймээс миний ажил өндөр хариуцлага хүлээдэг. Энд ажиллах хугацаандаа уурхайн тоног төхөөрөмжийг сайжруулах, уурхайн чулуулгийн бат бөхийн ангиллын картыг Технологийн сургуулийн багш нартай хамтран шинэчилсэн. Ил уурхайд удирдлага хяналтын “Питрам” систем нэвтрэх үеэс экскаватор, өрмийн машин дээр системийн тоног төхөөрөмжийг суурилуулж, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэхэд оролцсон. “Майкромайн” программд хүдрийг дундажлах процессыг жигдрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог.

-Та  бусдад ямар шаардлага тавьдаг вэ?   
-Өөрийнхөө удирдлагад ажилладаг залууст хандлагаа сайжруул гэдэг. Аливаа хүний зөв хандлагаас ажлын бүтээмж шалтгаалдаг. Ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай бол ажлын бүтээмж өндөр байна. Манайх шиг багаар ажилладаг газар хамт олны эв нэгдэл чухал. Юуны түрүүнд хүнд өндөр мэдлэг, ур чадвараас илүү зөв харилцаа, хандлага хэрэгтэй. Зөв хандлагатай хүн мэдлэг, ур чадварыг эзэмшиж болдог. 

 -Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлж байна. Ер нь амьдралд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?  
-Хүн байгаа юмандаа л сэтгэл хангалуун явах ёстой. Заавал баян байх албагүй. Би их юм хураах дуртай хүмүүсийг гайхдаг. Хүний амьдрал ажил, гэр хоёрын дунд л өнгөрдөг юм байна. Гэр бүлийн үнэ цэн миний үнэт зүйл. Ар гэр лүүгээ сэтгэл зовохгүй ажиллана гэдэг геологич хүнд олдсон том боломж. Манай гэр бүлийн хүнийг Д.Оросоо гэдэг. Бид мэргэжил нэгтэй. Миний ажлыг сайн ойлгоно. Хөвсгөлийн геологийн экспедицэд хамт ажиллаж байлаа. Хоёр охиноо хадмынд үлдээчхээд л хөдөө ажлаар мөн ч их явсан даа. Энэ үеэ дурсах сайхан байна. Одоо хань маань ач, зээгээ өсгөөд миний ар талыг найдвартай авч явна.

-Төгсгөлд нь та ямар асуулт асуугаасай гэж бодож байна. Яагаад?
-Эрдэнэт үйлдвэрийг зэсийн эцсийн бүтээгдэхүүн хурдан гаргадаг болоосой гэж боддог. Яагаад гэж үү. Манай үйлдвэрт төдийгүй улс эх орны хөгжил, эдийн засагт чухал нөлөөтэй учраас. Зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг олон жил ярилаа. Энэ үйлдвэр ашиглалтад орвол их давуу тал үүснэ. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргана. Молибдены ч эцсийн бүтээгдэхүүн гаргах магадлалтай. Мөн дагалдах элементүүдийг гаргах боломжтой. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болбол ашиг орлого мэдээж эрс нэмэгдэнэ. Эндээс гарах хүхрийн хүчлийг ашиглаад фосфоритын бордоо гаргах суурь судалгаа хийгдэж байгаа.

Бидний яриа энд хүрээд өндөрлөв. Тэр хүнтэй илэн далангүй ярилцаад ойлголцохыг эрхэмлэнэ. Болж бүтэхгүй зүйл байвал шууд хэлчих гэж шаардана. Араар эсэн бусын юм яриад явдаг хүн онцгүй гэх. Өөрөө хүний яриаг нухацтай сонсдог, хүлээцтэй. Зөвхөн геологич хүнд байх эрс шулуун ааш авиртай нэгэн болохыг түүнтэй ярилцаж суухдаа мэдсэн юм. Танд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 ЭХ СУРВАЛЖ: ERDENETTODAY.MN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.