СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-26

Шөнө дунд ойртсоор...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. "Сэндли Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлээд ердөө нэг цагийн дараа дүүрэв.
  2. "Газар шим үйлдвэр" ХХК-ийн хувьцаагаа нээлттэй санал болгох хүсэлтийг СЗХ бүртгэж авлаа.
  3. Энэ онд эдийн засаг нь 2022 оны үзүүлэлтээс давж өсөх Азийн цөөхөн улсын нэг нь Монгол Улс болно гэж "Fitch" тооцоолов. (Байр суурь хэсгээс уншаарай)

Цагийн дотор дүүрэв

"Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй "Сэндли Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлээд ердөө нэг цагийн дараа дүүрэв. 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй тус бонд 2017 захиалагчаас 8.5 тэрбум төгрөгийн захиалга авсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Захиалгын үнийн дүн 100 хувь хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэйг тус компани өмнө нь мэдэгдсэн тул ийнхүү арилжаа эхний өдрөө 100 хувийн гүйцэтгэлтэй хаагдаж байна.

Дараагийн IPO

Монголд даршилсан хүнсний ногооны анхны үйлдвэрийг байгуулж байсан "Газар шим үйлдвэр" ХХК-ийн нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр шинэ он гарсны дараа IPO хийх зөвшөөрлөө авч буй анхны компани нь "Газар шим үйлдвэр" болж байна. Тус компани 1999 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. 

Байр суурь

"2023 оны хувьд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар тэлнэ гэж тооцоолж байна. Монгол Улс энэ онд эдийн засаг нь 2022 оноос ч илүү хурдацтай өсөх Ази-Номхон далайн бүсийн цөөхөн хэдэн орны нэг болно гэсэн хүлээлттэй байгаа. Хамгийн том худалдааны түнш БНХАУ руу түүхий эдийн экспорт нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлнө. Харин 2024 оны хувьд геополитикийн сорилтууд аажмаар шийдэгдэж, Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар тэлнэ гэж тооцоолсон. Бид одоогоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ бид Засгийн газрын өрөнд гол анхаарлаа хандуулдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа нэлээд өндөр" хэмээн "Fitch Ratings" компанийн Улсын үнэлгээ хариуцсан Дэд захирал Жорж Шү "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцлов.

АИ-92 татваргүй оруулна

Импортолж буй 92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд "тэглэх"-ээр Засгийн газар шийдвэрлэлээ. Түүнчлэн автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгахад анхаарахаар болжээ. Үүнээс гадна уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэх хүлээлттэй энэ үед Засгийн газраас дизель түлшний татварыг 2023 оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл "тэг"-лээд байгаа юм.

АНУ руу ниснэ

Монгол Улс АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй "Нээлттэй тэнгэр" бодлогын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр агаарын тээврийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичиг байгуулсныг ЗТХЯ мэдээллээ. Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын нутаг дэвсгэр рүү шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэх юм байна. АНУ руу 2024 оноос шууд нислэг үйлдэхэд өргөн биетэй буюу гурван эгнээ суудалтай онгоц шаардлагатай тул энэ төрлийн онгоц худалдан авч байгааг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхтамир мэдээлж байв. 

Хямд, бас цэвэр

Монгол Улс 2022 оны жилийн эцсийн байдлаар 73.5 сая кВт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэснээр энэ чиглэлд сүүлийн таван жилийн турш өсөлттэй үзүүлэлтээ хадгалжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10.4 хувийг сэргээгдэх эрчим хүчний 17 эх үүсвэр бүрдүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үнэ тарифыг өрсөлдөөнт шалгаруулалтаар тогтоохоор хуульчилсан юм. Тэгвэл "Сайншанд салхин парк" ХХК нэг кВт/цагийг 9.5 центээр нийлүүлж байгаа ч тухайн жилийн нийлүүлэлтийн хэмжээнээс хамаарч үнэ тариф 7.6 цент хүртэл буурах үндэслэл бүрдсэнийг тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Мягмардорж онцолж байв

ОХУ-ын эрчим хүч

ОХУ-аас БНХАУ болон Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын хэмжээ хоёроос гурван тэрбум кВт/цаг нэмэгдэхээр байгааг тус улсын эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев нийтлэлдээ дурдсаныг TASS агентлаг онцолжээ. Экспорт нэмэгдсэнээр цахилгаан шугам сүлжээ сайжруулах зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул хэдий Монгол, Хятад руу экспорт нэмэгдэх ч нийт экспортыг тооцвол 2023 онд ерөнхийдөө буурна хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Иймд нийлүүлэлтээ сэргээхийн тулд экспортын шинэ чиглэлийг хөгжүүлэх тал дээр анхаарах ёстойг онцолжээ.

"Nokia" зөв голдиролд

Финландын "Nokia" компани "Samsung Electronics" компанитай лиценз солилцох нөхцөл бүхий патентын гэрээг олон жилийн хугацаатайгаар байгуулж, өөрсдийн үйлдвэрлэлийн технологио ашиглуулахаар болжээ. Хоёр компанийн өмнөх гэрээний хугацаа 2022 оны сүүлээр дуусгавар болсон бөгөөд энэ удаагийн гэрээнд 5G сүлжээний суурь нээлтүүд болон бусад технологи багтсан болохыг "Nokia" даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Гэрээний бусад дэлгэрэнгүй нөхцөл, үнийн дүнг нууцалж байгаа ч "Samsung Electronics" компани төлбөрөө энэ сарын нэгнээс тооцон төлж эхлэхийг мэдээллээ. "Nokia" компани гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, сүлжээний тоног төхөөрөмж болон оюуны өмчийн ашиглалтад голчлон анхаарах болсонтой холбоотой сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус компанийн хувьд лиценз олгох нь илүү чухал үйл ажиллагаа болсон юм.

Ховор агшилт

2022 оны IV улиралд БНСУ-ын эдийн засаг цар тахал эхэлснээс хойш анх удаа агшлаа. Тус улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй зэрэгцээд экспорт буурсан нь ДНБ улирлын дүнгээр 0.4 хувиар буурахад нөлөөлсөн байна. Эдийн засаг нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай байдаг БНСУ-ын гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил саарсан нь экспортын бууралттай холбоотой аж. Харин жилийн дүнгээр 2022 онд БНСУ-ын эдийн засаг өмнөх оноосоо 2.6 хувиар өссөн байна.

Шөнө дунд ойртсоор...

Хүн төрөлхтөнд нүүрлээд буй аюул ямар түвшинд хүрснийг бэлгэдэн харуулдаг “Дэлхийн мөхлийн цаг”-ийг эрдэмтэд 10 секундээр урагшлуулснаар 00.00 цаг болоход ердөө 90 секунд дутуу болжээ. Өөрөөр хэлбэл энэхүү цагийн зүү дэлхийн сүйрэл буюу шөнө дундыг заахад урьд байгаагүйгээр ойртож очоод байна. ОХУ Украины дайнаас үүдэлтэйгээр өнгөрсөн онд хүн төрөлхтөнд учирч болох аюул ноцтой түвшинд хүрснийг энэхүү цагийг хөтөлдөг “Bulletin of the Atomic Scientists” байгууллагын эрдэмтэд онцолж байна. Анхны цөмийн бөмбөгийг загварчилж, үйлдвэрлэх “Манхэттэн” төсөл дээр ажиллаж байсан тус байгууллагын эрдэмтэд 1947 онд энэхүү цагийг хөтлөх санаачилга анх гаргаж байжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Европын Төв банк уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ статистикийн багцаа танилцууллаа

"Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийг боловсруулахдаа ХЭҮК-ын санал, зөвлөмжийг аваагүй"

Шинэ орон сууцны нийлүүлэлт сүүлийн жилүүдийн дунджаас өндөр байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.71.216

Хн. өөрсдийнхөө хийсэн ажил дээр мөхлийн цаг гаргаж энтэр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.