Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеокатай уулзаж, зам, тээврийн салбарт, түүний дотор агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Улмаар хоёр тал “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэж, холбогдох хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.
Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн үеэр Элчин сайд Ө.Батбаяр энэхүү хэлэлцээрийн төслийг Монгол Улсын ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газар болон АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан газар ахалсан ажлын хэсгүүд хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсний дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд эцэслэн тохиролцсон талаар онцолж, цаашид манай хоёр улс шууд нислэгтэй болох нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеока дурдсан хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурж, Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэснээр хоёр орны агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, орчин үеийн, либерал агаарын харилцааг бий болгож байна гэв. Түүнчлэн тэрээр АНУ нь Монгол Улсыг "Нээлттэй агаарын тээвэр"-ийн албан ёсны түнш гэж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох чиглэлээр Монголын төлөөлөгчидтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах асуудлаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.