Хонгконгт ирэх сарын 12-нд болох марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тус марафон гүйлтийн зохион байгуулагчид оролцогчдодоо 10 мянган ам.долларын урамшууллыг олгох аж.
Тодруулбал, марафон гүйлтэнд эрэгтэй тамирчид гурван цагийн дотор, эмэгтэй тамирчид гурван цаг 30 минутад амжин барианд хүрвэл тус урамшууллыг олгох юм байна. Энэ урамшуулал нь өмнөх жилүүдээс 10 дахин нэмэгджээ.
Энэ талаар Хонгконгийн Хөнгөн атлетикийн холбооны ахлах дэд дарга Саймон Юн Сай-Мо “300-350 орчим тамирчин стандарт хугацааны дотор барианд орж ирж чадна гэж бид тооцоолж байна. Энэ урамшуулал нь тамирчдыг илүү сайн оролцоход нь түлхэц болно гэдэгт итгэж байгаа. Гэхдээ тэднийг мөнгөн шагналын төлөө амь насаа эрсдэлд оруулахыг хармааргүй байна. Холын марафон нь зүрхний өвчтэй хүмүүст маш аюултай. Марафонд оролцогчид бэлтгэл сургуулилалтаа хэтрүүлэхгүй байх нь чухал” гэлээ.
Түүнчлэн марафонд оролцогчдыг цагаан сарын баярын үеэр хэт их хооллолтоос жин нэмэхгүй байх, урамшууллаас болж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг зохион байгуулагчид анхаарууллаа.
Сонирхуулахад, 2018 онд марафон тэмцээний эрэгтэй оролцогчдын 1.16 хувь нь гурван цагийн дотор, эмэгтэйчүүдийн төрөлд 52 гүйгч стандарт хугацаандаа амжин бариандаа орж байсан юм.
Б.Хулангоо
Эх сурвалж:www.polit.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.