СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-25

ШИЙДЭЛ-САНАЛ: Хөдөө амьдрахаар шийдсэн иргэдээ тал бүрээс нь дэмжье

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

М.МӨНХТУНГАЛАГ

ХӨДӨӨ АМЬДРАХААР ШИЙДСЭН ИРГЭДЭЭ  ТАЛ БҮРЭЭС НЬ ДЭМЖЬЕ

Хот бүр өөрийн асуудалтай. Тэр дундаа, Монголчууд шиг таван ханатай гэр сууцтай ард түмэн хот болж бөөгнөрөх нь тийм ч оновчтой биш бөгөөд яндангийн утаа дагасан эдийн засгийн болон эрүүл мэндийн асуудал дийлдэхгүй, харин ч эсрэгээрээ дэвэрч байгааг бид өнөөдрийн Улаанбаатараас харж байна. Утаанаас гадна түгжрэл, дэд бүтцийн сүлжээний хоцрогдол, авлига, автомашины импортын хэт өсөлт, төлөвлөлтгүй барилгажилт, эрүүл мэнд, боловсролын хүртээмжгүйдэл, ус, дулаан, цахилгааны хомсдол гээд тоочвол асуудал мундахгүй. Энэ толгойн өвчнийг хэн нэгэн дарга сайд амлаж авуутаа таягдан арилгаж, богино хугацаанд эвэнд нь оруулахгүй. Гагцхүү, хотоо дахин төлөвлөх, орчин үеийн хөгжлийн бодлогуудаа ярьж, эрэмбэ дараатай, шинжлэх ухаанч, уялдаа холбоотой судалж байж шийдэл ярих нь зүйн ёсных. Шийдэлгүйгээр, аль нэг асуудлаа барьж авахгүйгээр юуг ч эмхлэхгүй. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбаруудаа жагсаагаад амьдралд ойр шийдлээс нь ажил хэрэг болгоё. Үүнд зорьж чадвал эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдэл болно.

21 АЙМГИЙГ БҮСЧИЛЖ НЭГТГЭЭД ХОТ БОЛГОЁ

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Бидэнд юу л байна газар нутаг байна. Хэдэн зуун км давхиж давхиж Улаанбаатараас аймаг, аймгаас сум, сумаас баг руу хүрдэг. Эдийн засаг, цаг хугацааны асар хохиролтой энэ тархалтыг хумья. Аймгуудыг бүсчилж нэгтгээд хот болгоё. Сум багуудыг нэгтгэж аймаг болгоё. Төсөв хуваасан, эдийн засгийн амьжиргааг хойш татсан хэт хол сум, суурин шиг хэрэггүй хуваагдал бидэнд ямар хэрэгтэй юм бэ. 16000 гаруй км давхисаар 1000 хүрэхгүй өрх айл, хүн амтай суманд өнөөх л төрийн бүтэц, төсөв, халамж, дэд бүтэц, ажилгүйдэл, хүний нөөцгүй байдал, эрүүл мэнд, боловсролын хүртээмжгүй орчин хэвээр. Аймгуудаа хот, сум суурингаа аймаг болгон нэгтгэж чадвал Улаанбаатараас хөдөөг зорих өрх айлын урсгал нэг хоёроор биш, нэг хоёр мянгаараа нэмэгдэнэ. Үүнийг дагаад автомашины урсгал багасна мэдээж юм.

ХӨДӨӨД ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХЯМД БОЛГОЁ

Хүн хаана ч амьдрах таатай нөхцлийг л хардаг. Тиймээс бүсчлэх аймаг, сумдад төр бодлогоор орон сууцыг хямд байлгая. Ингэж чадвал ипотекийн зээлэндээ хөл, гараа дөнгөлүүлчихээд, хаашаа ч хөдөлж чадахгүй байгаа залуус хөдөө рүү, хямд орон сууц руу хошуурна. Орон сууцны хорооллуудыг аймаг, орон нутгууд руу бариулъя.

ХОТОД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ  ТӨГССӨН ОЮУТНУУДЫГ ОРОН НУТАГТ “ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД” БОЛГОЁ

Аймаг, орон нутгаасаа суралцахаар ирээд хотод үлддэг, ажилтай, ажилгүй Улаанбаатарт шингэдэг байдлыг үгүй хийе. Өөрөөр хэлбэл, төгсөгчөөс саналыг нь аваад, тухайн очиж ажиллаж, амьдрахыг хүссэн орон нутагт нь “Илгээлтийн эзэн” болгоё. Ажлын байр, амьдрах сууц, бизнес эрхлэх болон бусад татварын бодлогыг таатай болгож байж “Илгээлтийн эзэн” сэтгэл хангалуун хөдөөг зорино. Хүн байгаа газар хүч бий болохоос гадна ажлын байр бий болно, үйлдвэр үйлчилгээ, зах зээл өргөжнө. Шинэ төгсөгчдийг Улаанбаатарт үлдэж ажил хий гэхээс илүү орон нутагтаа сурсан мэдсэнээ зориулах зориглолыг олгодог байя.

         ХОВД АЙМАГ ТҮҮЧЭЭЛЛЭЭ

Энэ сарын 19, 20-ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг “Хөрөнгө оруулалтын чуулган” хийж үндэсний томоохон 100 компанийн захиралууд өөрийн биеэр очиж, бизнесийн бодит дэмжлэг үзүүллээ.

Худалдаа хөгжлийн банк баруун аймгийн анхны салбараа Ховд аймагт байгуулах, Мобиком корпораци колл сэнтэрээ байгуулах, Моннис групп Ховд аймгийн нисэх буудлын менежментийг хариуцах, Номин холдинг Ховд нутгийн гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг орон даяар борлуулах, Тайж групп 15 тэрбумын хөрөнгө оруулалтыг эхний байдлаар шийдэж аялал жуулчлалын комплекс байгуулах зэрэг бодит ажлууд хийж, бүтээн байгуулахаар боллоо.

Энэ бол ажлын байр, хөгжил цэцэглэлтэд залуусыг урин дуудсан том ажил. Улаанбаатартай авто замаар холбогдсон холын Ховд ойрхон боллоо.

Тиймээс Ховд руу залуусыг илгээхэд болохгүй зүйлгүй байна. Яг Ховд шиг аймгууд хөрөнгө оруулалтаа татаж, хөгжлийн боломжуудаа ярилц. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа залууст хандаж тун ч өргөн боломжийг амлаж байна билээ. Тэрбээр “Баруун 5 аймаг бүгд боомттой. Хөрш орнуудтайгаа харилцах хаалгатай. Хөрөнгө оруулалтын атар зах зээл байна. Биднийг 400 мянган хүнээр битгий хараарай. 4 хөрш рүүгээ шууд харилцана.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орвол бид эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Төрийн бүтээмж, залуусаа бүхий л талаар дэмжих боломждоо бид анхааръя.Та бүхэн хаана, юу хиймээр байна, хаашаа хөрөнгө оруулах боломжтой байна гэдгээ нээлттэй танилцуул. Залуус хөдөөд боломж байхгүй гэдэг. Найз нөхдөөрөө баг болоод Ховдод ирээд хар, амьдраад үз. Бизнесээ танилцуул. Дэмжье” гэлээ.

Энэ бол шинэ цагийн бизнес эрхлэгчдэд амлаж болох бодитой, чин сэтгэлийн халуун яриа байлаа. Аймгууд энэ мэт залуусаа урь, дууд. Хөрөнгө оруулагчдад өөрсдийн боломжоо танилцуул. Тэгж байж хотын зам дээр түгжирсэн олон машин замаа олно. Ажилгүй залуус хэрэгтэй газраа очно. Орон нутаг руу шилжих урсгалыг энэ мэт өргөн боломжоор нь нээе.       

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.29

Элэнцгийхэн ховд түүчээллээ. 10дах жилдээ хийж байгаа мөсний баяр л болсон дог.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.