Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх, сонирхсон асуултад нь хариулт, мэдээлэл өгөхөөр нийслэлийн холбогдох албаныхан тус дүүргийн иргэдтэй уулзжээ.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НЗДТГ-ын Хөгжийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон тус дүүргийн холбогдох албан тушаалтнууд уулзалт, хэлэлцүүлэгт оролцон, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
Иргэд агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмж, хот байгуулалт, газар зохион байгуулалт, тохижилт үйлчилгээтэй холбоотой асуудлыг хөндөж байв.
Тус уулзалтыг санаачлан зохион байгуулсан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг дундаас Налайх онцлог ихтэй. Социализмын үед ажиллаж байсан их уурхай, шохойн завод, шилний үйлдвэр зэрэг нь татан буугдан, томоохон аж ахуй нэгжгүй болж, ажлын байр хомс болсон. Үүнээс үүдэн иргэдийн амьдралын түвшин буурсан. Нийслэлээс ямар бодлого баримталж алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх вэ, дагуул хотуудаа хэрхэн байгуулах вэ, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэхчлэн олон асуудлаар иргэдтэй ярилцаж байна. 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хороодын дундах хоёр авто замыг бүтээн байгуулсан. Тус дүүрэгт 2017 оноос хойш нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа. Цаашид хийх ажил ч олон байна. Ялангуяа нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Голомт” цогцолбор сургуулийн барилгын ажил бий. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулах, 26, 27 дугаар байрыг ашиглалтад оруулах, гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбох гэхчлэн ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Эдгээр ажлыг 2013 оноос хойш төлөвлөн хийж байгаа ч суурь хөрөнгө муутайгаас шалтгаалж олон жил дамнаж, өдийг болтол ашиглалтад ороогүй юм. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр эдгээрийг бүрэн гүйцэтгэх, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээсэн юм.
Налайхын газар нутгийн 50 орчим хувь нь улсын тусгай хэрэгцээнд хамаардаг
Уулзалтаар хөндсөн нэг чухал сэдэв нь газар олголттой холбоотой асуудал байв. Налайх дүүрэг нь 68,764 га газар нутагтай бөгөөд үүнээс 21,337 га газар нь хөдөө аж ахуйн, 12,261 га газар нь хот, суурин бүсийн, 1034 га газар нь зам, шугам сүлжээний, 1678 га газар нь ойн сан бүхий, 5 га газар нь усны сан бүхий, 32,446 га газар нь улсын тусгай хэрэгцээний зориулалттай аж. Үүнээс харахад нийт газар нутгийн 50 хувь орчим нь улсын тусгай хэрэгцээний буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эзэмшилд байдаг аж. Налайх дүүргийн хэмжээнд 2002 оноос газар олголт хийсэн бөгөөд төвийн хороодод газар эзэмшүүлэх нөөц үлдээгүй байна. Тиймээс дүүргийн Засаг даргын бүрэн эрхээр иргэдэд олгох газрын хэмжээ бага байгаа аж. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021-2022 онд тус дүүргийн найман хороо бүрээс газар эзэмших яаралтай шаардлагатай иргэдийн жагсаалтыг авч, тухайн онуудад иргэдэд газар олгожээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь хилийн маргааны асуудлууд ихтэй. Мөн Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсийн 262 га газар нь иргэд, олон нийтийн хэрэгцээний зориулалтаар зургаадугаар хороонд хамаарч байгаа. Тухайн цаг үедээ зөвшөөрөл авсан иргэд дээрх бүсэд амьдарч байна. Гэхдээ зарим иргэний асуудлаар БОАЖЯ-нд хандан, хэрэглээний зориулалтаар гэрчилгээг нь сунгах, олгох байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа. БОАЖЯ-наас аялал жуулчлалын чиглэлээр газар хүссэн иргэн, аж ахуйн нэгжид газар олгох зөвшөөрлийг өгдөг. Налайх дүүргийн хувьд гуравласан гэрээний дагуу зохицуулалт хийх, амралт зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний асуудлыг зохицуулдаг” гэв.
Тохижилт үйлчилгээний зориулалттай техник хэрэгслийг үе шаттайгаар нэмнэ
Иргэдийн зүгээс тохижилт үйлчилгээний чанарыг сайжруулах, парк шинэчлэл хийх, хуучирч, акталсан тоног төхөөрөмжийг нийслэл рүү шилжүүлж, зай талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох тайлбар, мэдээллийг авсан юм. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг мэдээлэл хийв. Тэрбээр “Өнгөрсөн оны 7-11 сарын хооронд дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтэй холбоотой асуудалд хүндрэл гарсан. Тиймээс УБЗАА-наас дэмжлэг аван, арваннэгдүгээр сараас эхлэн хог тээвэрлэлтээ хэвийн явуулж эхэлсэн. 2016 оноос хойш Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т 8-9 техник хэрэгслээр парк шинэчлэл хийгээд байна. Одоогоор 11 хог тээврийн машин үйлчилгээ үзүүлж байгаа. Тохижилт үйлчилгээний хашаанд байсан ашиглалтын шаардлага хангахгүй, эвдрэлтэй, акталсан техник хэрэгслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгсөн. Талбайг чөлөөлсөн тул цаашид гарааш байгуулах, Тохижилт үйлчилгээний ажилчдыг амрах байраар хангахаар төлөвлөгөө боловсруулаад байна. 2017 оноос хойш авто замын сүлжээ нэмэгдсэн. Гэр хорооллын дундах авто замуудыг төв засмал замтай холбож байна. Цас орсон тохиолдолд эдгээр замын цас түрж цэвэрлэх ковш, грейдер, камаз зэргийг үе шаттайгаар нэмэх төсвийг шийдвэрлэж байгаа” хэмээсэн юм.
Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг
Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орсон. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 7691 өрх байдаг бөгөөд эдгээр өрх жилд 23 мянган тонн түлш хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ. Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан түлшийг 14 хоногоос нэг сар хүртэлх хэрэглээгээр нь бөөндөж авах хүсэлт удаа дараа ирсэн байна. Иргэдийн санал хүсэлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орсонтой холбогдуулан өнгөрсөн зун, намар иргэд, оршин суугчидтай уулзан, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч, сайжруулсан түлш борлуулах цэг байгуулах, тээвэрлэлт хийх зэргээр ажлаа зохион байгуулсан. Сайжруулсан түлш борлуулж эхэлсэн цагаас хойш буюу 2022 оны есдүгээр сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус дүүрэгт нийт 20 мянган тонн түлшийг нийлүүлээд байна. Сайжруулсан түлшийг хоёр компанийн 20 машин тээвэрлэж, 31 борлуулалтын цэгээр түгээж байгаа бөгөөд өдөрт 120-150 тонн түлшийг Налайх дүүргийн найман хороонд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт байрлах долоон агуулахад 4000 тонн сайжруулсан түлшний нөөц бий. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэгт тасаг байгуулж, гэрээт 30 ажилтантайгаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Налайх дүүрэгт агаарын чанарыг хянах нэг суурин харуул бий. Үүнээс дүүргийн хэмжээнд ямар эх үүсвэрээс хэр их бохирдол үүсэж байгааг өдөр тутамдаа хянадаг. Иргэд ч мөн “Agaar.mn” аппликэйшн болон www.iqair.com сайтаас мэдээлэл авах боломжтой.
Мөн иргэдийн зүгээс 14 хоногоор, цаашлаад нэг сараар сайжруулсан түлшээ бөөндөж авч болох уу гэдэг хүсэлт ирсэн. Бид эхний ээлжид долоон хоногт долоон шуудай сайжруулсан түлш олгох зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд хийгээд байна. 14 хоногоор түлш олгох боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн үйлдвэрт 14 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000-3200 тонн түлш хэрэглэдэг. Нөөцөлсөн түлшнээсээ болон үйлдвэрээс гарч буй түлшээрээ өдрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Тиймээс 14 хоногоор түлшээ түгээхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болох юм. Ирэх жилээс нөөцөө хангалттай бүрдүүлж, үйлдвэрийн шугамуудаа бүрэн ажиллуулбал иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн тайлбарласан юм.
Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тогтмол уулзалт хийдэг бөгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатандаа хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцдэг байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж буй асуудлуудаа хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох вэ, залуусын дуу хоолойг яаж хүргэх вэ, тэдний оролцоог бодитоор хэрхэн хангах вэ гэх зэргээр ярилцсан бөгөөд цаашид бодит үр дүн гаргахад анхааран ажиллахаа дүүргийн удирдлагууд онцолж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.