УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх товтой байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа.
Уг хуульд олон нийтийн сүлжээн дэх зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгнө хэмээн тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Ажлын хэсэгт ХЭҮК, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн байгууллагуудаас тодорхой саналуудыг өгсөн. Энэ хуулийн төсөл анх 2017 онд боловсруулагдсан. Холбогдох байгууллагууд болон олон улсын байгууллагуудын судалгааны хувьд хангалттай бүрдсэн олон жил хүлээгдсэн хуулийн төсөл юм.
ХЭЗК-оос ажлын хэсэгт орж тодорхой саналуудаа тусгасан. Жишээ нь, цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууны сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн.
Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй тул энэ хуулийн төслийг даруй баталж, гэмт хэргээс сэргийлэх зорилтоор контентууд дээр нь холбогдох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай харилцах сувгийг тодорхой болгох шаардлагатай.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг нийгэм буруу ойлгож, шүүмжилсэн. Тийм учраас энэ заалтыг хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан.
Түүнчлэн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс уг хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг хуульчилж өгөөгүй. Зөрчилтэй контент дотор 11 заалт хамаарч байгаа учраас энд ямар ч асуудал үүсэхгүй.
Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль юм. Троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа гэв.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж АН-ын бүлэг завсарлага авав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.