Олны анхааралд байгаа Хөгжлийн банкны, нүүрсний гэх хэрэгтэй холбоотой шинэ мэдээллүүдийг уншигчдадаа хүргэе. Тагнуулын байгууллага, АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг нүүрс олборлолт, экспорт, хилийн боомтоор тээвэрлэлт, түүний төлбөртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэгт өдгөө 62 мөрдөгч 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
2022 оны арванхоёрдугаар сараас эхэлж олны анхаарал татсан нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хүрээнд тухайн сараас хойш нийт 118 объектод нэгжлэг, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа хийж, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг аван, 593 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан аваад буй гэнэ. Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байна.
Бидний авсан мэдээллээр яллагдагч нарын нэг нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн нэг хүн байгаа нь Баянхонгор аймгаас сонгогдсон, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэргийн яллагдагч А.Адъяасүрэн аж. Түүнийг өмнө нь яллагдагчаар татаад байсан ч прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь уг тогтоолыг нь хэрэгсэхгүй болгож байсан билээ.
Тэрбээр улс хооронд ачаа буюу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авахын тулд дээрх даргад хахууль өгсөн хэмээн буруутгагдаж буй. Мөн төрийн өндөр албан тушаалтан буюу Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэг хүнийг яллагдагчаар татаад буй аж. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татаж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзах, хилээр гарахыг нь хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. УИХ-ын гишүүний зөвлөх нэг хүнийг яллагдагчаар татсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы зөвлөх гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
Дээрх хүмүүсээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат тэргүүтэй зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурав, бусад хуулийн этгээдийн удирдлага 10, энгийн буюу дээр дурдсан албан тушаалтнуудын хамаарал бүхий 19 иргэнийг шалгаж байгаа аж.
Г.Гэрэлтуяа: 92 хүнийг яллагдагчаар татсаны 44 нь нийтийн албан тушаалтан
УЕПГ-аас уржигдар 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдээс хэдэд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэв?
-Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгчид ажиллаж байна. НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэгдлээр уг хэргүүдэд хяналт тавьж байгаа. АТГ, цагдаа, тагнуулынхны хамтарсан ажлын хэсгээс нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлтийн, 18 нь мөрдөн байцаалтынх. Үүнээс 41-ийг нь АТГ, тавыг нь цагдаагийнхан мөрдөн шалгаж байна. Одоогоор дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтэд 28, мөрдөн байцаалтад 64 хүнд холбогдох 12 хэрэг, прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байгаа.
-Тухайлбал ямар албан тушаалтан холбогдсон хэргүүдийг танайх хянаж байна вэ?
-Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтайгаа холбогдуулан хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн ХХЕГ-ын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагч нар нь албаны чиг үүрэгтээ хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд хахууль авсан хэргийг хянаж байна.
-Нүүрсний гэх хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтан зэрэг олон хүнийг яллагдагчаар татсан гэсэн. Хэчнээн хүнийг яллагдагчаар тооцсоны хэд нь нийтийн албан тушаалтан юм бол?
-Эл хэрэгт яллагдагчаар татагдсан 92 хүний 44 нь нийтийн албан тушаалтан. Улс төрд нөлөө бүхий этгээд, Зам, тээврийн сайдын, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тус бүр нэг хүн бий. Орон нутгийн Засаг даргаар ажиллаж буй болон ажиллаж байсан хоёр хүн бий. Гаалийн улсын байцаагч, Гашуунсухайтын боомт дахь хилийн цэргийн албан тушаалтнууд, АТҮТ, түүний харьяа аймаг дахь Авто тээврийн төвийнхөн, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан зургаа, “Эрдэнэс силверс ресурс”, “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтан тус бүр хоёр, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон бусад ажилтан 48, хувиараа нүүрс тээвэрлэдэг дөрвөн хүн, БНХАУ-ын гурван иргэн бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.