Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр хуралдлаа.
Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Эхлээд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв. Дэлхийн болон Монгол Улсын өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт, сургамж, саналыг танилцуулсан.
Тэрбээр, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлснээр шуурхай шийдвэр гаргуулах эрхзүйн орчин бүрдсэн, эрүүл мэндийн салбарын урсгал төсөвт тодотгол хийх, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр зардлын зориулалт арга хэмжээ, зардал хооронд шилжүүлэх боломжийг хангаж, санхүүжүүлэх боломж бүрдсэн, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, дуусаагүй барилга байгууламжийг дуусгах, ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор шийдвэрлэгдсэнийг тэмдэглэв.
Мөн, санхүүжилтийн гүйцэтгэл /тэрбум төгрөгөөр/-ийн тухайд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон “Эрүүл мэндийн салбарын чадамжийг сайжруулах” хөрөнгө оруулалтад нийт 1,617.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн гэв. Сургамж, саналын талаар эм эмнэлгийн хэрэгсэл нөөцлөх агуулах бэлэн болсон ч худалдан авах эрх зүйн орчин бүрдээгүй байсан, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийн байгууллагаас бүрэн хамааралтай байсан, өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах шаардлагатайг харуулсан, дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах шаардлагатай эрсдэлийн санг бий болгох шаардлагатай нь харагдсан гэлээ.
Дараа нь Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулав.
Манай улсад КОВИД-19 батлагдсан тохиолдол 1.007.843 бүртгэгдэж, 2136 хүн нас барсан талаар түүний танилцуулсан мэдээлэлд дурдагдлаа. Мөн, Монгол Улсын Засгийн газар цар тахал анх дэгдсэн үеэс эхлэн шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн талаарх мэдээлэлдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан нийт санхүүжилт, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн мөнгөн хандив зэрэг тоон мэдээллийг танилцуулсан.
Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд Засгийн газар гадаад харилцааны шугамаар болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг, оролцоотойгоор 4 төрлийн вакцины нийт 8.620.950 тунг татан авч, хүн амыг вакцинжуулсан гэдэг мэдээллийг өгөв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлдээ, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах суурь зарчмыг баримталж, төрийн албаны сул орон тоог нөхсөн. Харин хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон томилгоог Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчим зөрчигдөж байна хэмээн үзэж, томилгооны зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох төрийн байгууллага, салбар зөвлөлүүдэд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэв.
Мөн 2020-222 оны сонгон шалгаруулалт, төрийн албанд түр томилогдсон болон чөлөөлөгдсөн албан хаагчдын талаар тоон мэдээллийг танилцуулсан. Хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2808 иргэн төрийн албанд томилогдсоноос хуульд заасан тусгай болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй 794 иргэн чөлөөлөгдсөн, 823 иргэн чөлөөлөгдөөд, сонгон шалгаруулалтад орж, жинхэлсэн. Шаардлага хэрэгжүүлээгүй, томилгооны зөрчилтэй 194 иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон гээд цаашид төрийн албаны бүтэц, чиг үүрэг, ажиллах хэлбэрийг төрийн албаны цахимжилт, технологи ашиглалттай хослуулах зайлшгүй шаардлага гарч байна. Үр ашиггүй нүсэр бүтэц, бүтээмж багатай, өрсөлдөх чадваргүй төрийн албан хаагчийг хөгжүүлэх, шинэлэг арга барилаар ажиллах хөрвөх чадвартай болгох нь төрийн албаны шинэтгэлийн хамгийн чухал асуудал байх болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.