СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн банкны зээлээр авлигыг бууруулах системүүдийг хөгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ (E-Mongolia) системд төрийн 71 байгууллагын 817 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “Ухаалаг газрын харилцааны систем (еgazar.gov.mn)”-ийг идэвхжүүлэн 156.0 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 502,933 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипт суулгаж олгосон байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг I төсөл”-ийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инновац үйлдвэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг “Үндэсний дата төв” /УТҮГ/-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулсан аж.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хангах хүрээнд “Ухаалаг засаг II төсөл”-ийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.