Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.01.18) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно. Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан. Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ.
Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож, 22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.
Товч мэдээ:
-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
-Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.