Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Олон улсын туршлагаас жишиг авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох талаар зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусган болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд УИХ-д суудал бүхий намын дарга, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгалаа. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ.
Мөн олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзлээ. Улс төрд нөлөө бүхий этгээдэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон бөгөөд тэдгээрийн улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгажээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулсан байна. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.