Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээлэл өгөв.
НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга Б.Мөнх-Од:
-2022 оны байдлаар 1498 гэмт хэрэгт хяналт тавин ажиллажээ. Өмнөх онтой харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт юм. 692 хэрэгт мөрдөн байцаалтын хяналт тавин ажиллаж байна. Мөнгө угаах 8 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой 16 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Гадаадын иргэн Монгол Улсад тагнуул хийсэн гэх гурван хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээний хүрээнд 776 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 222 тэрбум төгрөгийн үл хөдлөх хэрэгсэл, автомашин, данс битүүмжилсэн байна. 2.3 их наяд төгрөгийн хохирлын нөхөн төлөлт болжээ.
АТГ-аас УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэгвэл түүнийг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан. Одоогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирээгүй байгаа юм байна.
Иргэн С.Батдөлтэй холбоотой хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээхэд цугларсан баримтаас үзэхэд, татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байгаа.
Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, "Тавантолгой Төмөр Зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг Монгол Улсад эргүүлэн татах ажиллагааны талаар холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
Хөгжлийн банкны 43 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажилласан. Үүнээс 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдчаар татсан. 463 мянган хавтаст хэрэгт 115 мянган хуудас материалыг хянасан. Прокуророос 1270 хуудастай ял өөрчлөх тогтоол гаргасан.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгье.
-Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон.
-АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техник, хяналт мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компанид давуу байдал үзүүлсэн.
-“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал Г албан тушаалын байдалтайгаа холбогдуулан ОХУ-ын иргэнээс хахууль авсан. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг нуун далдлах зорилгоор авч мөнгө мөнгө угаасан гэх хэрэг.
-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хянан шалгалт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж албан тушаалын байдалтай холбогдуулан бусдаас хахууль авсан.
-АТҮТ-ийн Хөдөлгөөний хэлтсийн албан тушаалтан М эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компаниудад давуу байдал олгосон.
-“ЗЧМ” компанийн захирал Б бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж 19 сая ам.долларыг залилсан гэх хэрэг.
-Улсын их дэлгүүрийн 6 давхрын засварыг хийж гүйцэтгэх явцдаа хууль тогтоомж зааврыг зөрчиж, болгоомжгүй үйлдэл гаргаснаар тус дэлгүүрийн дээвэр шатсан гэх хэрэг.
-ОХУ-ын иргэн Д.В Монгол Улсын иргэн Г-г толгойн тус газар нь алхаар цохиж, амь насыг нь онц хэрцгийгээр алсан гэх хэрэг,
-Хөвсгөл аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ганболд албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан хэрэг,
-АТҮТ-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан Х албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан,
-“Капитал” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А бусадтай бүлэглэн иргэд, ААН-ийн хадгалах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан. Тус банкийг төлбөрийн чадамжгүй болгож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.