СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-18

Залуус Монголыг орхисоор...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Гадаад руу хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 22.8 хувиар өссөн байна.
  2. БНХАУ-д Сар шинийн баяр дөхсөнтэй зэрэгцээд Монгол Улсын нүүрсний экспорт тогтворгүй болж байгааг "SXCoal" онцлов.
  3. Олон туйлт хямралын үед Монгол мэтийн бага орлоготой орнууд юун дээр анхаарах ёстой вэ? 

Залуус Монголыг орхисоор...

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг ҮСХ-ны статистик харууллаа. Тодруулбал 2022 оны IV улирлын байдлаар 95 улсын 3.9 мянган иргэн ирсэн нь өмнөх улирлаас 43.9 хувиар буурсан үзүүлэлт бол гадаад руу хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 22.8 хувиар өсжээ. Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд ихэвчлэн 35-44 настай бөгөөд уул уурхай, боловсролын салбарын мэргэжилтнүүд тэдний дийлэнх хувийг эзэлж байна. Харин гадаад руу хөдөлмөр эрхлэхээр явсан монголчууд ихэвчлэн 30-34 настай, дээд боловсролтой, боловсруулах үйлдвэрийн салбарт түлхүү ажиллаж байгааг ҮСХ-ны статистикаас харж болохоор байна.

Цагаан сар ба нүүрс

БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурахтай зэрэгцээд Монголын нүүрсний экспорт тогтворгүй болж байгааг "SXCoal" онцолж байна. Нэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хоёр улсын гол боомтоор Монголоос өдөрт нүүрс тээврийн 800 гаруй автомашин гарч байсан бол 14-нд 516 болж буурчээ. БНХАУ-д Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор ихэнх нүүрсний арилжаа эрхлэгчид ажлаа түр зогсоож, коксжуулах үйлдвэрүүд худалдан авалтаа сааруулж байна. Түүнчлэн 2022 онд БНХАУ-ын нүүрсний нийт импорт өмнөх оноос 9.2 хувиар буурч, 293 сая тонн болсон нь сүүлийн дөрвөн жилийн доод үзүүлэлт болсныг "SXCoal" мэдээллээ. Цар тахалтай холбоотой хилийн хязгаарлалт, Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хомсдол, мөн Индонез улс нүүрсний экспортын бодлогодоо шинэ зохицуулалт хийсэн нь үүнд голлон нөлөөлсөн гэж үзжээ.

Байр суурь

"Олон туйлт хямрал нүүрлээд буй энэ үед ихэнх улсын эдийн засагт тэсвэрлэх, уян хатан байх орон зай маш бага үлдсэн нь хамгийн хүндрэлтэй асуудал болж байна. Хөгжиж буй эдийн засагтай олон ч улсад нийгэм эдийн засгийн хямрал аль хэдийн нүүрлээд байна. Хэрэв одоо байгаа дээр нэмээд эдийн засгийн "шок" үүсгэх нэг хүчин зүйл шинээр бий болбол тэгээд л зохицуулах аргагүй болно. Тэгэхээр эн тэргүүнд эдийн засгийг тогтворжуулж, тусламжийг хамгийн хэрэгтэй байгаа эмзэг бүлэгт оноож өгөхөд анхаарах ёстой. Хоёр дахь нь дунд хугацааны төлөв. Засгийн газрууд ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалт хийж эхлэх хэрэгтэй. Анхаарал хандуулах ёстой гурав дахь чиглэл бол Олон улсын хамтын нийгэмлэг. Улс орнууд эвтэй байж, ялангуяа өрийн дарамтад орсон улсууддаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын захирал Саадиа Захиди 2023 оны Давосын чуулганы үеэр  "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Хүүхдийн мөнгөний будлиан

Мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө гуравдугаар сарын мөнгөтэй хамтад нь нөхөн олгохоор болсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Мөн тэрбээр "Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсэж байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзах хэрэгтэй" гэв. Айл, өрхүүд хүүхдийн мөнгөн тэтгэмж болгож сар бүр 100,000 төгрөг авах боломжтой эсэхээ "E-Mongolia" болон "ehalamj" цахим платформоор шалгаж эхэлсэн ч ам бүлийн тоо болон эд хөрөнгийн мэдээллийн зөрүү гарсны улмаас цахим орчинд томоохон маргаан, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Ипотек ба үнэт цаас

2022 онд "Монголын Ипотекийн Корпорац" арилжааны банкны олгосон 9333 иргэний ипотекийн зээлийг багцалж 661 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулсан байна. Ингэснээр ийм тооны өрхөд шинээр зээл авах боломж үүссэн болохыг тус компани мэдээллээ. Мөн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжаалснаар Монголбанк болон банкнуудын богино хугацаат эх үүсвэрээр олгогдсон зээлүүд 30 хүртэлх жилийн хугацаатай болсныг онцолж байна. 2023 онд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог Монголбанкнаас холбогдох байгууллагууд хамтран бүрдүүлж, хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан шат дараатай шилжүүлэхээр мөнгөний бодлогод тусгаад байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэх нь зүйтэй гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Тариалангийн тайлан

2022 онд нийт тариалсан талбай 618.6 мянган га болж буурсан нь 1990-1992 оны түвшинтэй ойролцоо үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үр тариа, таримал тэжээл, төмсний тариалсан хэмжээ өнгөрсөн онд буурсан ч хүнсний ногооны тариалалт өссөн үзүүлэлттэй байгаа аж. 1990-2007 оны хооронд нийт тариалсан талбайд үр тарианы эзлэх хувь дунджаар 88 байсан бол сүүлийн 15 жилд буюу 2008-2022 онд 74.9 хувийг эзлэх болсноор хураасан хэмжээ нь дагаад буурсан аж. Харин хүнсний ногоо, таримал тэжээл, техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Аялал жуулчлалын аймаг

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар аялал жуулчлалын салбарт, тэр дундаа цахимжуулах чиглэлд "iTrip" компани болон "Монголын гастроном аялал жуулчлалын холбоо"-той хамтрахаар санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын оролцогч талуудын бүх мэдээллийг цахим платформд нэгтгэж, жуулчдад цахимаар захиалга өгөх, төлбөр тооцоо хийх боломж олгох юм байна. Энэ онд Хөвсгөл аймагт хоёрдугаар сард Цасны баяр, Цааны баяр, гуравдугаар сард "Хөх сувд" мөсний баяр, тавдугаар сард даль цэцгийн баяр, долоодугаар сард Сарлагийн наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бууралт эрт эхлэв

2022 онд БНХАУ-ын хүн амын тоо сүүлийн 60 гаруй жилд анх удаа буурсныг БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо мэдээллээ. Хэдийгээр эрх баригчид олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого баримталж буй ч хүн амын бууралтын мөчлөг тооцооллоос эрт эхэлж, өнгөрсөн онд тус улсын хүн ам 1.41 тэрбумаар тоологдсон нь 2021 оны эцсийн үзүүлэлтээс 850 мянгаар бага тоо болсон байна. Түүнчлэн 2022 онд БНХАУ-д нийт 9.56 сая хүүхэд мэндэлсэн нь тус улс байгуулагдсан 1949 оноос хойших доод үзүүлэлт болсны зэрэгцээ Covid-19-ийн давлагаатай холбоотойгоор нас баралтын тоо өмнөх жилүүдийнхээс өсөж, 2022 онд нийт 10.41 сая бүртгэгджээ. БНХАУ хүн ам зүйн хямралтай ийнхүү тулгарснаар энэ онд БНЭУ дэлхийн хамгийн их хүн амтай болох орон зай нээгдэж магадгүй юм.

Хориг, дараа нь өсөлт

Далайгаар тээвэрлэх ОХУ-ын түүхий газрын тосны экспорт өнгөрсөн долоо хоногт 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь тус улсын нийлүүлэлт Европын хориг арга хэмжээний эхний цохилтыг даван гарав уу гэсэн таамаглал бий болголоо. Өмнөх долоо хоногт ОХУ-ын экспортолсон түүхий газрын тосны нийт хэмжээ өдөрт 876 мянган баррелиар буюу 30 хувиар өсөж, 3.8 сая баррель хүрсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн сард ОХУ-аас БНЭУ-ын худалдан авсан газрын тосны хэмжээ дээд түвшинд хүрч, өмнөх оны мөн үеэс 33 дахин нэмэгджээ. Хориг арга хэмжээнээс шалтгаалж тээвэрлэлтийн хугацаа эрс уртассаныг үл харгалзан тус улс 12 дугаар сард ОХУ-аас өдөрт дунджаар 1.2 сая баррелийг худалдан авсан нь 11 дүгээр сарынхаас 29 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

Огцом эргэлт

2023 оны эхний хагас жилд Европын Төв банкны инфляцын өсөлтийн эсрэг тэмцэл дуусгавар болж, хамгийн эртдээ долоодугаар сараас бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай гэж “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын дийлэнх нь үзжээ. Эдийн засагчдын тооцооллоор тус банк гурван удаагийн шийдвэрээр бодлогын хүүг одоогийн хоёр хувиас 3.25 хувь буюу оргил түвшинд хүргэж өсгөх төлөвтэй байна. Хоёрдугаар болон гуравдугаар сарын хурлаараа тус бүр 50 суурь нэгжээр, харин тавдугаар эсвэл зургаадугаар сард нэг удаа 25 суурь нэгжээр өсгөх магадлалтай байгаа аж. Харин III улирлын эхэнд хүүгийн түвшин гурван хувь болж буцаж буурах төлөвтэйг шинжээчдийн медиан төсөөллөөс харж болохоор байна. 

Шинэ "MacBook"

"Apple" компани 2023 оны анхны шинэ бүтээгдэхүүнүүд  болох "MacBook Pro" зөөврийн компьютер, "Mac Mini" компьютерынхоо илүү хурдтай хувилбарыг танилцууллаа. 14 инч болон 16 инчийн дэлгэцтэй хоёр шинэ "MacBook Pro" нь загварын хувьд өмнөх хувилбаруудтай төстэй ч өнгөрсөн онд гарсан хүчирхэг "M2 Pro", "M2 Max" процессоруудаар тоноглогджээ. Мөн шинэ "Mac Mini" нь шинэ процессоруудыг дэмждэг болсон тул цаашид "Intel"-ийн процессорыг ашиглахааргүй болж байгаа аж. Шинэ бүтээгдэхүүнүүд нэгдүгээр сарын 24-нөөс худалдаанд гарах бөгөөд 14 инчийн "MacBook Pro"-ийн үнэ 1999 ам.доллароос, 16 инчийн хувилбарынх нь 2499 ам.доллароос эхлэх юм байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

Инфляц саарах эерэг хүлээлттэй зэрэгцэн “Bitcoin”-ийн ханш $21 мянга давав

Агаарын тээврийн хөдөлгөөн VI сар гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байна

ОУХБ: Эдийн засгийн өсөлт саарах нь дэлхий даяарх ажилчдад сорилт болно

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
2 жилийн өмнө
66.181.188.111

Эх ороноос минь сайхан газар хаа ч үгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.