СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Билэгтийн "Ачлал трейд" ХХК Хөгжлийн банкны зээлийн үндсэн төлөлтөө огт хийгээгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Ачлал трейд" ХХК Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларыг таван жилийн хугацаатай авчээ. 2022 оны эцсийн байдлаар тус компани зээлийн үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг төлөөгүй байна. Харин хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөг төлжээ. 

Шинжээч: 

-"Ачлал трейд" ХХК-ийн эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах, 300 ортой эмнэлэг байгуулах санхүүжүүлэх төсөлд 15 сая ам.долларыг таван жилийн хугацаатай 10.03 хувийн хүүтэй олгосон.

"Ачлал трейд" ХХК нь "Ачлал" группийн охин компани гэж явдаг. Тус нь "Ачлал" группийн 50 хувийг Б.Мөнхжаргал эзэмшдэг бол 50 хувийг М.Билэгт эзэмшдэг.

2022 оны эцсийн байдлаар тус компани зээлийн үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Харин хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөгийг төлжээ.

Зээлийн өрийн үлдэгдэл 51.7 тэрбум төгрөг, зээл хүүгийн өрийн үлдэгдэл 68.1 тэрбум байна. Зээлийн муу ангилалд орсон.

120, 180 ортой эмнэлэг гэж хоёр барилга баригдсанаас 120 ортой эмнэлэг ашиглалтад ороод бусдад түрээслэж байна. Харин 180 ортой эмнэлэг баригдаагүй, 60-70 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэдэг мэдээлэл өгсөн.

Хөгжлийн банкны 15 сая ам.долларын зээлийг долоон удаагийн олголтоор өгсөн байдаг.

Эхний 5.4 сая ам.долларын зээлийг "Ачлал трейд" ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Тус мөнгийг "Ачлал трейд" ХХК бусад зээл, хүүгийн төлбөрт зарцуулсан байдаг. 

Холбогдох бусад дансны гүйлгээг нягталж шалгахад 2 тэрбум төгрөгийг "Ачлал трейд" ХХК-ийн нэр дээрх ХХБ-ны хадгаламж барьцаалсан зээлийг төлж хаажээ.

1.8 сая ам.долларыг хувьцаа эзэмшигч Б.Мөнхжаргалын хугацаагүй төгрөгийн хадгаламж болон ам.долларын данснаас иргэн Ц.Энхтуяад олон удаагийн гүйлгээр олгосон нь тогтоогдсон байна.

Дөрөвдүгээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал:

-2020 оны 11-р сард зориулалтын бэлэн барилга ашиглалтад орсон мэдээллийг аваад манай компани төслийн баг гаргаж, судлаад 2021 оны гуравдугаар сараас хамтран ажиллах шийдвэр гаргасан. Ингээд дөрөвдүгээр сараас 20 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. 26 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгийн зардал гарахаар тооцоо гарсан. Эмнэлэг дөрөв, таван жилийн дараагаас ашгаа өгдөг. Бид бизнесийн хамааралтай болохоос "Ачлал трейд" ХХК-ийн охин компани бус юм. Бид өнгөрсөн хугацаанд 25 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн. Япон, Солонгос, Хятадтай адил хэмжээний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх гэж хичээн ажиллаж байна. 19 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн зардал босгохоор ажиллаж байна. Түрээсийн үлдэгдэл манай эмнэлэг дээр байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-"Ачлал трейд" ХХК-ийн захирал М.Билэгт та тус зээлийг авахдаа УИХ-ын гишүүн байсан. Та энэ зээлийг авахдаа улс төрийн нөлөөллөө ашигласан уу?

Ачлал трейд ХХК-ийн захирал М.Билэгт:

-Монголчуудынхаа элэг бүтэн амьдралын төлөө тус төслийг 2010 онд санаачилсан. 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. 2014 онд нэгдүгээр корпус нь 70 хувь нь боссон байсан. Харин хоёрдугаар корпус нь 30 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тэгэхдээ 2017 оноос зээлээ хөөцөлдөж байгаагүй, 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын үед, мөн Япон улсаас тус эмнэлгийн барилгын асуудлаар асууж байсан удаатай.

2015 оноос эхлээд Засгийн газраас тус эмнэлгийн барилгын ажилд тусламж дэмжлэг авах шаардлагатай юм байнаа гэж бид үзсэн. Тэгээд тухайн үеийн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбад Засгийн газрын хэрэг эрхлэх газраас бичиг хүргүүлж байсан. Ингээд хавдрын эмнэлэг барих ажилд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг олгоход хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн бичгийг өгсөн байдаг. 2015 оноос эдийн засаг хямарч эхэлсэн байдаг. Ингээд 2016 онд зээл олгогдоогүй, харин 2017 оноос Хөгжлийн банк хүлээгдэж байсан төсөл хөтөлбөрүүддээ зээлээ олгоод эхэлсэн юм. Хурдан хэрэгжүүлээд, ашиг олъё гэсэн бодсон бол барилга барих байсан.

Би энэ төслийг хэрэгжүүлснээрээ сэтгэл хангалуун байдаг. Бид 37 тэрбум төгрөгийн зээл авсан бол өнөөдөр 75 тэрбум болж төлнө. 2022 оны 10-р сарын 13-нд дууссан байгаа. Зээлээ төлж барагдуулна. Хөгжлийн банктай хэлэлцээрт орох гээд явж байсан ч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгж эхэлсэн. Ингээд шүүхийн шатаараа явъя гэдэг дээрээ тогтчихоод байна. 35 мянган метр кв эмнэлэгийн барилга байгууламж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.