ХХААХҮЯ-ны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, өдгөө Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тус сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүйн улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болсон байдаг. Тэгвэл тус сангийн удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
ХААДС-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Энхмаа, санхүүгийн менежер С.Удвал, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Энхжаргал, жолооч Э.Үдэхбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, “Баян талын буудай” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. Тус компанийнхан дээрх санд 559.1 сая гаруй төгрөгийн өр төлбөртэй байхад нэр дурдсан албан тушаалтнууд 419.5 саяыг нь хасаж тооцсон гэнэ. БНХАУ-аас импортолсон, ХААДС-гаар дамжуулан зээлээр олгосон бага оврын тракторын өрийг 139.5 сая төгрөг болгож бичээд 2020 оны дөрөвдүгээр сард тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж дээрх албан тушаалтнуудыг буруутгаж буй аж.
Түүнчлэн ХААДС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон үндэслэлээр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгыг шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлэв.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-ыг нь шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр хандсан хэргүүдийн дотор ХААДС-гийн дээрх дөрвөн албан тушаалтнаас гадна Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын холбогдсон үйлдлүүд ч багтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.