СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-01-17

АМЖИЛТЫН ТҮҮХ: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АНУ-ын Луйзиана мужид зохион байгуулагдсан Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ямыг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

“Хогийн цэгийн хатан хаан” хочит тэрбээр ундааны лаазны тагны гогцоонуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзаараа олны анхаарлыг ихэд татсан юм.

Хогийн цэг дээр өнгөрүүлсэн хүүхэд нас

Энэ удаагийн 71 дэх Орчлонгийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Тайландын жүжигчин, загвар өмсөгч, 2022 оны Тайландын шилдэг мисс Анна Суеангам-Ям нь 1998 оны арваннэгдүгээр сарын 10-нд Бангкок хотод төржээ. Түүний  аав нь Бангкок хотын захиргаанд хог түүгчээр ажилладаг байсан учир Анна Суеангам-Ямын бага нас хогийн цэг дээр өнгөрчээ. Түүний энэ жилийн Орчлонгийн Мисс тэмцээний үеэр олныг гайхшруулсан даашинз нь ч бага насных нь энэ дурсамжтай холбоотой аж. “Нууцлаг эрдэнийн даашинз” нэртэй энэ хувцсыг бүтээхдээ лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урласан юм байна. “Miss Thailand” албан ёсны сошиал хуудсанд “Хэдийгээр Аннаг зарим хүмүүс хогийн цэгийн хатан хаан гэж хочилдог ч энэ нь түүнийг үнэт эрдэнэ мэт гялалзахад саад болоогүй юм” гэж бичсэн байна.

Энэ талаар Анна Суеангам-Ям “Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэ даашинзаа урласан юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн  цэг дээр өнгөрсөн. Тиймээс энэ өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүний үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнтэй байдгийг орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” гэж цахим хаягтаа бичжээ. Харин түүний ээж гудамжны хогийг шүүрддэг ажил хийдэг байжээ.Тиймээс Анна багадаа хогон дундаас олдсон тоглоомуудаар тоглодог байв.Тэрбээр амьдралын энэ туршлага дээрээ үндэслэн одоо ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.

“Хүн бүрт хүссэн амьдралаа бүтээх хүч чадал, эр зориг байдаг”

Ийн түүний эцэг эх шаргуу хөдөлмөрлөдөг, завгүй хүмүүс байсан учир тэрбээр коллежээ төгсөх хүртлээ буддист лам эмээтэйгээ цуг амьдарчээ. Анна “Kasetsart” их сургуулийг эрх чөлөөт урлаг болон шинжлэх ухааны чиглэлээр алтан медальтай төгсөж байжээ. Тэрбээр тууштай байдал, эерэг хандлага, цуцашгүй хөдөлмөрийг өөрийн амжилтын нууц хэмээн үздэг юм. Тиймээс ч “Ямар ч хэцүү орчинд төрж өсөж, хүнд зовлон тууллаа ч өөртөө итгэх нь мөрөөдлийн амьдралаа бүтээх гол хүч юм. Хүн бүрт хүссэн амьдралаа бүтээх хүч чадал, эр зориг байдаг” хэмээн хэлэх дуртай.

Мөн тэмцээний үеэр түүнээс дэлхий даяар зовж шаналж байгаа хүмүүст урам зориг өгөхийн төлөө юу хийх вэ гэж асуухад “Зовж, шаналж байгаа орчлонгийн ганц хүн нь та биш.Би ч мөн адил бүх итгэл найдвараа алдатлаа цөхөрч байсан. Гэсэн ч бид зовлон, бэрхшээлээ суралцаж цааш амьдарсаар байдаг. Хамгийн чухал нь юу ч тохиолдсон босоод зогсох хүч, өөртөө итгэх итгэлтэй байгаасай гэж хүсч байна. Би чадсан юм чинь та ч бас чадна” гэж хариулсан байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж:www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.