"Утсаараа нэг яриулаач" хэмээн гуйж, программ суулгаж, интернэт банканд нь хууль бусаар нэвтэрдэг байсан иргэдийг саатуулжээ. Эдгээр этгээдүүд иргэдэд нийт 350 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдийн гар утсыг “...Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье...” зэргээр худал хэлэн авч улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М гэх этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Дээрх гэмт этгээдүүд нь тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банкинд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон тул Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсуудад тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.