Хөгжлийн Банкны 87 хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбогдуулан эдгээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлчид Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүллээ.
“Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
-Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банктай холбоотой 87 хэрэг шүүх рүү шилжсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэхүү 87 хэргийг харахад дандаа төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө орж болохуйц албан тушаалтнууд байгаа учраас энэ асуудлыг бол олон нийтэд нээлттэй ил тод явуулах нь чухал байна. Учир нь өнгөрсөн хугацаанд тус банктай холбоотой шүүх хурлууд таван жил үргэлжилж 10-20 удаа ч хойшилсон тохиолдолд ч байна. Мөн зарим хэргүүд шүүхийн шатандаа хэрэгсэхгүй болж хаагдаж байсан удаатай. Хөгжлийн банкны гэх тодотголтой гэх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих вий, замхрах вий, шийдэлд хүрэхгүй байх вий гэдэг айдас байна. Шүүхийг нээлттэй явуулах эсэхийг тухайн шүүхийн Тамгын газар шийддэг ч гэсэн ШЕЗ-өөс энэ тал дээр анхаараад өгөхийг хүсэж байна. Нэг хэргийн шүүх хуралд шүүгч, өмгөөлөгч, холбогдогчид, гэрч гэх зэрэг 200 орчим хүн орохоор байгаа учраас бид өнөөдөр 200 орчим хүн дээр хэвлэл мэдээллийг багтаах 300 гаруй хүний тийм заал талбайг бэлдээд өгөөч хэмээн ажил хэргийн уулзалт хийхээр шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирсэн.
ШЕЗ-ийн гишүүн А.Отгонцэцэг:
-ШЕЗ-өөс шүүх хурлыг иргэдэд нээлттэй, хэвлэл мэдээлэлд нээлттэй байх тал дээр үргэлж анхаарч ажилладаг. Шүүх хурлууд шүүхийн гадна танхимд шууд байдлаар дэлгэцээр иргэдэд хүрдэг. Хөгжлийн банкны хэргүүд нь эрүүгийн, иргэний, захиргааны зэрэг өөр өөр төрлийн хэргүүд байна. Шүүх хуралдааныг зөвхөн шүүх танхимд хийх хуулийн заалттай. Өнөөдрийн байдлаар хүссэн хэмжээний олон хүний багтаамжтай шүүх танхим манай улсад байхгүй. Хөгжлийн банкны хэргүүд нь олон оролцогч нэг хэргийн шүүх хуралдаанд оролцохоор байгаа. Үүн дээр нэмэгдээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэдийг оролцуулах боломж бололцоо муу байна. Мөн хуулиараа шүүх хуралдааны танхимд камер байлгах боломжгүй гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.