Гурван өгүүлбэрээр:
"Fitch"-ийн үнэлгээ
Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” байгууллага Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 650 сая ам.долларын бондын үнэлгээг “S&P Global Ratings”-тэй адил "B" түвшинд тогтоолоо. Гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдлыг бууруулснаар энэхүү түвшнийг ахиулах боломжтой ч улс төрийн тогтворгүй байдал үнэлгээг бууруулах эрсдэлт хүчин зүйл байж магадгүйг тодотгожээ. 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын шинэ бондын үнийг 98.812 ам.доллароор тогтоосон бөгөөд хүү нь 8.65 хувь байна.
Зээлийн өсөлт удаашрав
2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж, 11 дүгээр сартай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2021 оны эцсийн дүнгээр зээлийн жилийн өсөлт 21.2 хувьтай байсан бол 2022 оны эцэст ийнхүү өсөлт удааширсан байна. Монголбанк өнгөрсөн онд бодлогын хүүгээ 7 нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь хүргэснээр Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 2022 оны эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Харин арилжааны банкнуудаас олгосон 22.2 их наяд төгрөгийн зээлийн 53 хувийг иргэд, 45.6 хувийг байгууллагад олгосон зээл бүрдүүлжээ.
Байр суурь
"Монгол Улсын шинэ автомашины зах зээл өнгөрсөн онд 18.6 хувиар өссөн. Одоогийн байдлаар жилд 3000 гаруй шинэ автомашин борлуулагдаж байна. Тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтыг харвал жилийн жилд харьцангуй тогтвортой байна. Хэлэхэд эрт байж магадгүй ч Монгол Улсын шинэ автомашины зах зээл цаашид ч үргэлжлэн өснө гэж миний хувьд харж байна. Инфляцын түвшин нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн ч зах зээлээ харвал хүмүүс байгаль орчинд илүү ээлтэй бүтээгдэхүүн сонгоход анхаарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчид хорт хий ялгаруулалт багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй автомашин худалдан авах нь нэмэгдэж байна. Өнгөрсөн онтой адил дахин 18 хувиар өсөх эсэхийг хэлж мэдэхгүй байгаа ч нэг оронтой тоогоор өсөх бүрэн боломжтой" хэмээн "Старчейз Автомотив" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Крейг Райт "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт
УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх асуудлыг тусгасан байна. Мөн тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгажээ.
Хоёр хөршийн хэлэлцээ
ОХУ-ын "Gazprom" болон БНХАУ-ын "CNPC" компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх "Союз Восток" байгалийн хийн хоолойн тавих зам, загварыг хэлэлцсэн талаар "ТАСС" агентлаг мэдээллээ. "Gazprom"-ийн талаас хийн хоолойн загвар хөгжүүлэлтийн явцын талаар мэдээлэл өгсөн байна. Ойрын жилүүдэд энэхүү хоолойн төсөл амжилттай хэрэгжсэнээр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлт жилд 100 тэрбум куб метр хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Түүнчлэн талууд "Сибирийн хүч" хийн хоолойн хавар, намрын төлөвлөгөөт засварын ажлын товыг тохирчээ.
Гурван банкны үнэлгээ
Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Sandstorm Gold" компанийн хувьцааны үнэлгээг олон улсын гурван банк "Авах" төлөвт хэвээр үлдээсэн ч хувьцааны зорилтот ханшийг нь тус бүр бууруулж тогтоожээ. Тодруулбал, хувьцааны ханшийн зорилтот дүнг "National Bank" 9.5 канад доллароор, харин "Raymond James" 9 ам.доллар, "HC Wainwright" 12.5 ам.доллар болгож тогтоосон байна. Тус компанийн сүүлийн улирлын үзүүлэлт хараахан тооцоололд хүрээгүй нь хувьцааны зорилтот ханшийг бууруулахад нөлөөлсөн гэж Канадын "National Bank" онцолсон байна. "Sandstorm Gold" нь "Оюу Толгой"-ийн бүлэг ордод багтдаг "Hugo North" болон "Heruga" ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Entree Gold" компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Давост дахин тавтай морил!
Дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийг цуглуулдаг Давосын чуулга уулзалт гурван жилийн дараа "Хагарлын үеийн хамтын ажиллагаа" сэдэвтэйгээр эргэн ирж байна. 19 улсын Төв банкны тэргүүн, Сангийн 56 сайд, 100 гаруй тэрбумтан энэ удаагийн чуулга уулзалтад оролцох бүртгэлтэй байгаа ч хориг арга хэмжээнд орсон ОХУ, Covid-19-ийн давлагаанд нэрвэгдсэн БНХАУ-ын ганц ч төлөөлөл тэрбумтнуудын дунд байхгүй аж. Мөн Европт цаг агаар харьцангуй дулаан байгаа энэ үед Альпийн уулс цанаар гулгахад хангалттай цастай байх эсэх нь анхаарал татаж байна. "Их 7"-ийн бүлгийн удирдагчдаас зөвхөн Олаф Шольц оролцох бол БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лиу Хэ, Европын Холбоо, NATO-ийн тэргүүн зэрэг улс төрийн томчууд мөн Давосыг зориод байгаа юм.
Сард 60,000
12 дугаар сарын эхэн үеэс хойш Covid-19-ийн шалтгаант нас баралт 60 мянга гаруй бүртгэдсэнийг БНХАУ-ын эрх баригчид мэдээллээ. Нас барагсдын дийлэнх хувь нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсныг мөн дурджээ. Судалгаанаас үзвэл энэ сарын эцэс гэхэд Бээжин хотын 22 сая иргэн бараг бүгд шахуу халдвар авч, тохиолдлын тоо 12 дугаар сарын 22-ны дүнгээс 76 хувиар өсөхөөр байгаа аж. Хэдий тийм боловч сайн мэдээ гэвэл БНХАУ-ын Халдварт өвчний хяналтын төвөөс одоогийн байдлаар аюул учруулахуйц шинэ мутаци илрээгүй болохыг зарлажээ.
Том төсөл, том эго
Далай доогуур цахилгаан дамжуулах сүлжээ байгуулж Азийн орнуудыг цэвэр эрчим хүчээр хангах 21 тэрбум ам.долларын өртөг бүхий дэврүүн зорилт тэрбумтнууд хоорондын маргаанаас болж зогсонги байдалд оржээ. Австралийн хамгийн чинээлэг эрхмүүдийн төлөөлөл болох технологийн салбарын тэрбумтан Майк Кэннон-Брукс, төмрийн хүдрийн магнат Эндрю Форрест нар 4200 км урттай байхаар төлөвлөгдсөн "Sun Cable" сүлжээний маршрутын талд ялангуяа эн тэргүүнд Сингапуртай холбох эсэхэд санал зөрөлдсөн байна. Төслийг гүйцэтгэгч компани одоогоор төлбөрийн чадваргүй байдалд орсон тул хөндлөнгийн хяналтад байгаа аж.
Эрдэнэсийн сан илрүүлэв
Швед улсын алс хойд нутгаас Европ тивд нөөцөөрөө тэргүүлэх газрын ховор элементийн ордыг илрүүлжээ. Энэ нь Европын орнуудын хувьд газрын ховор элементийн зах зээл дэх БНХАУ-ын ноёрхлоос ангижрахад дэм үзүүлж магадгүй нээлт болж байна. Шведийн Төрийн өмчит уул уурхайн “LKAB “компанийн хайгуулын явцад илэрсэн тус орд нь нэг сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэйг пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Хэдий тийм боловч хайгуулын үе шат үргэлжилсэн хэвээр бөгөөд ордын нөөцийн хэмжээг бүрэн тогтоогоогүй байгааг онцолсон байна. “Бид олборлолтоо бүрэн эхлүүлж, зах зээлд түүхий эд нийлүүлэх хүртэл 10-15 жил шаардагдахаар байна” хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Ян Мостром өгүүлжээ.
Энэ 7 хоногт
Даваа: 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо эхэлнэ. Европын Холбооны Сангийн сайд нар Брюссельд хуралдана. БНХАУ-ын орон сууцны үнийн тайлан танилцуулагдана.
Мягмар: БНХАУ-ын ДНБ, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, ажилгүйдлийн түвшний дүн мэдээлэл гарна. "Goldman Sachs", "Morgan Stanley", "United Airlines" компаниуд орлогын тайлангаа танилцуулна.
Лхагва: Евро бүс, Их Британийн хэрэглээний үнийн индекс гарна. Японы Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.
Пүрэв: "Invest Khovd" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Ховд хотноо эхэлнэ. Европын Төв банк 2022 оны 12 дугаар сарын хурлынхаа протоколыг нийтэлнэ. Францын томоохон Үйлдвэрчний эвлэлүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны Тэтгэврийн журмын шинэчлэлтийг эсэргүүцсэн ажил хаялтаа эхлүүлнэ.
Баасан: Хонгконг, Японы хэрэглээний үнийн индекс гарна. Давосын чуулга уулзалт өндөрлөнө.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.