Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Үндэсний бодлогын хорооны 316 гишүүн оролцсон юм. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 96.4 хувийн саналаар намын даргыг сонгох журмаа эцэслэн баталжээ.
Намын даргыг сонгох журмаа баталсны дараа намын Их хурлаа товлосон байна. ҮБХ-ны хуралдаанаар олонх нэгдүгээр сарын 19-ний 10.00 цагт ҮБХ, 13.00 цагт намын их хурлыг зохион байгуулах дээр санал нэгджээ.
ҮБХ-ноос батлаад буй намын даргыг сонгох журамд намын даргад нэр дэвшигчид дараах шаардлагыг тавихаар болжээ.
Үүнд:
-Намын төлөөллийн төв байгууллагын /ҮБХ, ҮЗХ/ сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан байх гэжээ.
Намын даргад нэр дэвшигчийг нэгдүгээр сарын 18-ны 10.00 цагаас 20.00 цагийн хооронд бүртгэхээр тогтоолыг баталсан байна.
Өнөөдрийн хуралдааны үеэр Л.Гүндалай, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар Ардчилсан намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн. Харин С.Баярцогт, С.Одонтуяа, Ц.Баатархүү нар намын даргыг сонгох журам хэрхэхээс шалтгаалж, нэр дэвших эсэхээ шийднэ гэж мэдэгдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.