Хилийн инженерийн байгууламжийн нэг хэсэг болох өргөст торон саадын талаарх мэдээлэл цахим орчинд иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл уг асуудлыг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.
-Цахим орчинд “Хилийн өргөст торон саад” хуучирч, унасан талаарх зураг иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тус байгууламжийг анх хэзээ барьсан бэ, шинэчлэл хийгээгүй удсан хэрэг үү?
-Цахим орчинд тархсан энэхүү зураг нь хоёр жилийн өмнө нийтлэгдэж, тухайн үед бид тайлбар тодруулга өгч байсан. Уг зураг дээрх мэдээлэл дахин гарч ирсэн тул тодруулга хүргэе. Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн инженерийн байгууламжийг 1970-аад оноос шинээр барьж, байгуулах ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Гэвч 1978 оноос хойш инженерийн байгууламжаа дахин шинэчилж чадахгүй, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан засаж сайжруулж ирсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2016 онд уг асуудалд ач холбогдол өгч, Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт өөрийн биеэр ажиллахдаа “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлсэн.
Хилийн торон саадыг шинэчлэх ажил өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай үргэлжилж байна. Торон саад хуучирч муудсан асуудал бий. Үүнийг бол үгүйсгэхгүй. Харин зураг дээр харагдаж байгаа тор нь үндсэн хилийн хамгаалалтын торон саад биш гэдгийг энд онцолж хэлье.
-“Өргөст торон саад”-ыг үндсэн хилийн хамгаалалтын тор биш гэсэн. Илүү тодруулбал?
- Тус торон саад нь хилийн дагуух үндсэн торон саадаас тодорхой зайд, нутгийн гүнд байрладаг хил зөрчигч болон мал, амьтны хөдөлгөөнийг удаашруулах зориулалттай инженерийн байгууламжийн нэг хэсэг. Оросоор буюу хүмүүсийн хэлж заншсанаар (МЗП-Малозаметная проволочная сеть) үл үзэгдэх торон саад юм. Мөн хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгож болохгүй. Тэнд мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад, хянах цамхаг зэрэг хил зөрчигчийн хөдөлгөөнийг илрүүлэх, саад учруулах зориулалттай янз бүрийн байгууламж бий.
-Нийт хэдэн километр өргөст торон байгууламж татах шаардлагатай вэ. Энэ ажил ойрын хугацаанд дуусах боломжтой юу?
-Монгол Улсын хил 8,252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй. Харин 43.7 хувийнх нь өргөст торон саад хуучирч муудсан байсан.
Засгийн газраас 2016 онд “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлж, 2018 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж, өргөст торон саад шинэчлэх ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Шинэчлэн төхөөрөмжлөх шаардлагатай хилийн хэсгийн 17.4 хувьд буюу 1,200 орчим километр торон саадыг шинээр байгуулсан юм.
Үлдсэн хувийг үе шаттайгаар шинэчлэх ажил цаашид хийгдэнэ. Энэ онд гэхэд 400 гаруй километр торон саадыг сайжруулж шинэчлэх бөгөөд 2024 онд дээрх 43,7 хувийг шинэчилж дуусах юм. Хилчид одоо байгаа солих шаардлагатай торон саадыг өөрсдийн нөөц бололцоогоороо байнга тордож, арчилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.