Банкны зээл судалсны шимтгэл, Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд болон бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Нийгмийн даатгалын багц хуулийг чуулганаар хэлэлцэх эсэхийг өчигдөр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын хуульд нийт таван хууль багтаж байна. Манай ХҮН намын зүгээс 20 гаруй жилийн дараа тус хуулийг цогц хуулийг хэлэлцэж байгаад баяртай байна. Гэхдээ тэтгэврийн хоёр хууль дээр тогтолцооны шинэчлэлийг хийгээгүй гэж үзэж байна. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг цаашид хэлэлцэх шаардлагатай. Иймд илүү сайн чамбайруулж, иргэдийн хүсэж байгаа шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллана.
Хуульч О.Батхүү:
-Монголын арилжааны банкуудын иргэдийн зээлээс нэг хувийн шимтгэл авдаг байсан нь хууль бус гэдэг шийдвэр шат шатны шүүхээс гарсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 108 мянган иргэн ипотекийн зээлтэй байна. Ипотекийн зээл хүсэгч бүх төрлийн материалаа бүрдүүлээд тухайн банканд өгдөг. Зээл судалсан зардал арилжааны банкнаас гарах ямар ч үндэслэлгүй. Арилжааны банкуудын өдөр тутамд хийж гүйцэтгэдэг ажлын нэг. Тэгэхээр 108 мянган иргэний ипотекийн зээлийн 1 хувь буюу арван жилийн хугацаанд 64 тэрбум төгрөгийг авсан байна. Сүүлийн арван жилийн хугацаанд энэ мөнгөөр хангалттай мөнгө олж эргэлдүүлсэн. Арилжааны банкууд ипотекийн зээлийн хүүгээр хангалттай бусад зардлаа төлөөд явдаг. Төвбанкны тухай хуулийн тавдугаар зүйлд зээл авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаална гэж заасан байдаг ч энэ үүргээ биелүүлэхгүй байна. Иймд арилжааны банкууд иргэдээс нэг хувийн шимтгэл авдаг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд тус шаардлагаа УИХ-ын гишүүн Т.Доржхандад уламжилсан гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монголбанкыг банкны зээл судалсны шимтгэл болон бусад асуудлаар нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Миний бие бусад гишүүдийн гарын үсгийг цуглуулж хяналтын сонсгол хийхийн төлөө ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.