СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-13

Байгаа оноогүй шийдвэр

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Монголын Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалах эхний туршилт хийгдэв.
  2. Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээл олгох зориулалтаар оруулна.
  3. Инфляц буурах үедээ ирээд байхад бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь байгаа оноогүй шийдвэр. 

Туршилт амжилттай

Монголын Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалах эхний туршилт хийгдсэнийг мэдээллээ. Эхний ээлжид "Mongolian Mining Corporation"-ийн 12 мянга 800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг тонныг нь 1290 юанийн үнээр арилжсан болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн байна. Дуудлага арилжаагаар худалдах талаас нүүрсээ тонныг нь 1150 юаниар худалдах эхний санал ирүүлсэн нь 1290 юань хүрч, 12.2 хувиар өсжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд ийнхүү туршилтын дуудлага арилжааг амжилттай зохион байгууллаа.

Эрэлт нийлүүлэлтээсээ тасрав

"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн нэгж хувьцааны ханш дөрвөн өдөр дараалан өсөлтөө хадгалж, пүрэв гарагийн арилжаагаар дахин 15 хувиар өслөө. Ийнхүү хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш хувьцааны ханш нь 74.89 хувиар өсөөд байна. Пүрэв гарагт нийт 92.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий Хөрөнгийн биржийн хувьцаа арилжаалагдсанаас 2.1 сая ширхэг авах захиалга ирсэн бол ердөө 200 ширхэг зарах захиалга бүртгэгдсэн нь эрэлт нийлүүлэлтээсээ хэд дахин өндөр байгааг илтгэж байна. Засгийн газрын бондууд биржээр арилжаалагдах төлөвтэй байгаа зэрэг нь Хөрөнгийн биржийн хувьцааны эрэлтэд эергээр нөлөөлж байгааг "Ти Ди Би Секьюритис" ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв. Одоогоор Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 61.2 тэрбум ам.доллар хүрээд байна.

Байр суурь

"Миний бодлоор инфляц одоо буурах үедээ ирчихлээ. Тиймээс сүүлд бодлогын хүүгээ өсгөсөн нь ерөнхийдөө байгаа оноогүй шийдвэр. Инфляцын 70-80 хувь нь гадаад нөлөөлөлтэй гэж өөрсдөө судалгаа хийсэн мөртлөө дотоодын хүүгээ нэмэх байдлаар тэмцээд амжилт олохгүй. Бодлогын хүү инфляцтай тэмцэхээс илүү иргэдийн, өрхийн орлогыг хамгаалахад чиглэх ёстой. Экспорт 12.5 тэрбум ам.доллар буюу дээд түвшинд хүрчихлээ шүү дээ. Тиймээс Монголбанкны хувьд гадаад, макро гээд олон эрсдэлүүд нь байхгүй болж байна. Тэгэхээр бизнесүүд, өрхийн санхүүд нааштай, эерэг бодлого явуулах бололцоо нь бий болсон гэж харж байна" хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч асан, эдийн засагч Н.Золжаргал "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Холын тээвэр

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” уурхайгаас хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6600 тонн нүүрс БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэснээ мэдэгдлээ. Ингэснээр 2022 оны 12 дугаар сарын еснөөс хойш гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 9766 тонн нүүрс экспортолсон байна. “Улаан овоо” уурхай нь нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг. Ингэснээрээ илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-ийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод олон улсын үнээр тогтоож байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа. Тус компани 2023 онд 200 мянгаас 500 мянган тонн нүүрс борлуулах зорилт тавиад байгаа аж.

Гаднын банк оруулна, гэхдээ...

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээл олгох зориулалтаар оруулах бөгөөд ингэхдээ Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байж, салбар биш охин компанийн хэлбэртэй байх шаардлага тавьсныг Төв банк мэдээлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлагыг системд нөлөө бүхий банкнаас хуулийн этгээдэд олгосон зээлийн хэмжээ, бусад хүчин зүйлийг харгалзан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж заасан байна. Хэдий тийм боловч энэ заалтаар Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хязгаарлагдахаар байгааг гишүүд анхааруулж байсан юм.

Яст мэлхийн хурдтай хот

Улаанбаатар хотын авто замын даац багтаамжаас хоёр дахин хэтэрч, иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрүүлж байгааг "MMCG" байгууллагын судалгаа харуулж байна. Нийслэлд өдөрт дунджаар 327 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл дунджаар 13 км/цагийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцож байгааг мөн тооцоолжээ. Иймд дундаж хурдыг 30 км/цаг болгон нэмэгдүүлэхийн тулд өдөрт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог 57 хувиар бууруулах хэрэгтэй аж. Гэтэл 2022 онд Монгол Улс 65,612 суудлын автомашин импортоор худалдан авсан нь 2021 оныхтой харьцуулахад 18.8 хувиар өссөнийг бид мэдээлсэн. Автозамын түгжрэлээс шалтгаалан Монгол Улс ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний бүтээмжийг алдаж байна.

Барилгыг "хэвлэнэ"

3D хэвлэгчийн тусламжтай барьсан дэлхийн анхны хоёр давхар барилга АНУ-ын Техас мужид босож байна. Тодруулбал: Хьюстон хотод байрлалтай 371 м² талбай бүхий орон сууцыг 12 тонн гаруй жинтэй аварга хэвлэгч бетон давхарлан цутгах аргаар "хэвлэж" байгаа аж. Барилгын ажил нийт 330 цаг үргэлжлэх болохыг "Peri 3D Construction" компанийн удирдаж буй энэхүү төслийн архитектор өгүүлжээ. Энэхүү инновацлаг технологи нь цаашдаа илүү олон өрхийн орон сууцыг түргэн хугацаанд, өртөг багатай барих боломжийг авчирснаар барилгын салбарыг шинэ түвшинд гаргахыг мөн онцолсон байна.

Японы шийдэмгий алхам

Бүс нутагт БНХАУ-тай холбоотой аюулгүй байдлын сорилтууд нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон улс Их Британи, АНУ-тай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлэлцээрүүд хийлээ. Лхагва гарагт Вашингтонд болсон уулзалтаар АНУ, Японы талууд хуурай газар, тэнгис, сансрын батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Энэ хүрээнд хоёр тал хамтарсан цэргийн сургуулилалтаа нэмэгдүүлэх, мөн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчний байршлыг БНХАУ-ын учруулж болох аливаа аюулд бэлэн байхаар шинэчлэн зохион байгуулах тухай тохиролцжээ. Үүнээс гадна Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида Их Британид хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, хоёр улс нэгнийхээ газар нутагт цэргийн хүчээ байршуулахыг харилцан зөвшөөрсөн томоохон гэрээ байгуулсан байна.

Өрийн урхи

БНХАУ-ын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Цинь Ган БНХАУ Африкийн орнуудад мөнгө зээлдүүлж, “өрийн урхи”-нд оруулж байна гэсэн шүүмжлэлийг өөрийн анхны гадаад айлчлалынхаа үеэр эрс няцаажээ. “БНХАУ-ын оруулж буй хувь нэмэр бол зөвхөн Африкийн ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө юм" хэмээн тэрбээр Этиоп улсад хийсэн айлчлалынхаа үеэр өгүүлсэн байна. Сүүлийн үед АНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд БНХАУ-ын Засгийн газар болон компаниудаас Африкийн орнуудад олгож буй зээлийн нөхцөл ил тод бус байна хэмээн шүүмжлэх нь нэмэгдээд байгаа юм. Африкийн орнуудын нийт гадаад өр 700 гаруй тэрбум ам.доллар хүрээд байгаагаас 12 хувийг нь БНХАУ-ын олгосон зээл дангаараа эзэлж байна. Тэр дундаа саяхан өрийн дефолт зарласан Замби, Гана улс БНХАУ-ын гол зээлдэгчдэд тооцогддог аж.

Аварга турбин

БНХАУ-ын "Ming Yang Smart Energy" компани дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох салхин турбиныг танилцууллаа. Далайн салхин паркт ашиглагдах энэхүү турбины нэг далбаа нь 140 метр урт бөгөөд эргэлтийн диаметр нь хөл бөмбөгийн есөн талбайтай тэнцэхүйц хэмжээг хамрах аж. Турбины үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ оргил ачааллын үед 18 мегаватт хүрэх бөгөөд энэ нь жилд 96 мянган иргэнийг цахилгаанаар хангахад хүрэлцэх болохыг үйлдвэрлэгч компани нь мэдээлжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

"Steppe Gold” 2022 онд 33,700 унц үнэт металл Монголбанканд тушаажээ

“Apple” компани “Mac” компьютероо мэдрэгчтэй дэлгэцтэй болгохоор ажиллаж байна

“Tesla” Индонез улсад үйлдвэрээ барих тохиролцоонд хүрэхэд ойртов

Онцлох чарт

2022 оны 12 дугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар буурсан нь сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаа буурсан тохиолдол болж байна. Мөн жилийн дүнгээр ХҮИ 6.5 хувиар өссөн нь 2021 оны аравдугаар сараас хойших доод үзүүлэлт юм. Ийнхүү инфляц саарч байгаа нь АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд бодлогын хүүг өсгөх хурдаа удаашруулахад түлхэц болохоор байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.