Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон “Тавантолгой түлш” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Лхагвасүрэн нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, өнгөрсөн лхагва гарагт гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн аж.
Нүүрсний хулгайн гэх хэргээс улбаатайгаар Б.Алтанзулыг мөрдөн шалгаж эхэлсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлж буй юм. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, өвөрлөгч иргэн Хасбаатар гэх хүн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, хоёр орны хооронд ачаа тээвэрлэх чиглэлийн үйл ажиллаа явуулдаг “Админерал” хэмээх компанид давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг нээжээ.
ОББҮХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул 2012-2013 онд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ажиллаж байгаад дараа нь аудитын байгууллага руу шилжжээ. Улмаар Төрийн албаны зөвлөлд албан тушаал хаших болсон нэгэн. Харин 2020 оноос дээрх хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.