Гурван өгүүлбэрээр:
Төсвийн алдагдал
2022 онд Монгол Улсын төсвийн тэнцэл ДНБ-ий 2.1 хувьтай тэнцүү буюу 970 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Сангийн сайд мэдээллээ. Батлагдсан төсвөөр алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцүү буюу 2.4 их наяд төгрөг байхаар тусгаад байсан юм. Түүнчлэн 2022 онд Монгол Улсын ДНБ дөрвөн хувиар өссөнтэй зэрэгцээд экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар болжээ. Нүүрсний экспортыг төсвийн тодотголоор 18 сая тонн байхаар төлөвлөсөн ч 31.7 сая тонныг экспортолсон үзүүлэлттэй байна.
MMC-ийн стратеги
Бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байх эрсдэлд буй “Mongolian Mining Corporation” компани “Erdene Resource Development” компанийн охин компани “Erdene Mongol”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, 50 хувийг нь эзэмшихээр боллоо. “Erdene Mongol” компани “Баян хөндий” алтны төсөл, “Алтан нар” болон “Улаан” зэрэг гурван талбайд хайгуулын лиценз эзэмшдэг. Талууд стратегийн түншлэлийн хүрээнд “Баян хөндий” алтны төслийн хөгжүүлэлтэд голлон төвлөрөх юм байна. Хөрөнгө оруулалт гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний ээлжид “Erdene Mongol” компанид “Баян хөндий” алтны төслийн хайгуулын ажлыг санхүүжүүлэх таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ сардаа багтаан хийнэ. Харин эцсийн шатны хөрөнгө оруулалтыг энэ оны III улиралд багтаан хийхээр төлөвлөжээ.
Шинэ бондын үнэлгээ
"S&P Global Ratings" байгууллага Монгол Улсын ЗГ-ын шинээр гаргасан таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоолоо. Монгол Улсын ЗГ шинэ бонддоо "Fitch" байгууллагаас мөн "B" үнэлгээ авах хүлээлттэй байгааг эх сурвалж мэдээлж буй. 2028 оны 1-р сарын 19-нд хугацаа нь дуусах шинэ бондын үнийг 98.812 ам.доллароор, хүүг 8.65 хувиар тогтоосон юм. Удахгүй хугацаа нь дуусах бондуудын 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулахаар төлөвлөснийг Сангийн сайд мэдээлэв.
Автомашины импорт өсөв
Авто замын түгжрэлийн асуудал улам бүр ужгирч, нийслэлийн асуудал хариуцсан сайд хүртэл томилогдсон 2022 онд Монгол Улс 65,612 суудлын автомашин импортоор худалдан авсан нь 2021 оныхтой харьцуулахад 18.8 хувиар өссөн дүн болсныг ГЕГ мэдээллээ. Нийтэд нь дүгнэвэл 2022 онд Монгол Улсын гадаадаас худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 8.7 тэрбум ам.доллар болж, мөн сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ.
Шууд нислэг ойртсоор
2022 оны нэгдүгээр сард багтааж АНУ руу шууд нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурахаар байгааг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. "АНУ руу 2024 оноос шууд нислэг үйлдэхэд өргөн биетэй онгоц шаардлагатай. Энэ хүрээнд МИАТ өргөн, нарийн биетэй гэсэн хоёр онгоц худалдан авахаар ажиллаж байгаа. Худалдан авалтын үйл явц нь 90 хувьтай байна" хэмээн тэрбээр өгүүлсэн юм. МИАТ ТӨХК 2019 оны оргил үед 19000 цагийн нислэг үйлдэж байсан бол 2023 онд ЗГ-ын бодлого чиглэлийн дагуу 23000 цагийн нислэг үйлдэж, аялал жуулчлалыг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Зэсийн үнэ 9,000 давлаа
Зэсийн үнэ таван өдөр дараалан өсөж, өчигдрийн байдлаар тонн нь 9000 ам.доллар давснаар зургаадугаар сараас хойших дээд цэгтээ хүрсэн байна. АНУ-д инфляцын түвшин өнгөрсөн саруудаас буурах магадлал өндөр байгаа нь, мөн БНХАУ хилээ нээснээр үл хөдлөх, барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх төлөвтэй болсон нь өсөлтөд голлон нөлөөлжээ. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо сулруулах хүлээлт үүссэн нь таваарын захад томоохон хөдөлгөөн бий болгож байгаа юм.
Бүгдийг өөрсдөө
"Apple" компани 2024 оноос эхлэн шинэ төхөөрөмжүүддээ өөрсдийн үйлдвэрлэсэн дэлгэцийг ашиглах замаар "Samsung", "LG" зэрэг технологийн түншүүдээсээ хамааралтай байдлаа бууруулж, эд ангийн үйлдвэрлэлээ дотоод нөөц, чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тус компани ирэх оны эцсээр хамгийн сүүлийн үеийн “Apple Watch” ухаалаг цагныхаа дэлгэцийг өөрсдийн бүтээгдэхүүнээр шинэчлэхээр болсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Ингэснээр одоо ашиглагдаж буй стандарт OLED технологийн дэлгэц microLED технологиор шинэчлэгдэн сайжрах бөгөөд "Apple" яваандаа шинэ төрлийн дэлгэцийг iPhone зэрэг бусад төхөөрөмжүүддээ ашиглаж эхлэх ажээ.
Дайны зардал
12 дугаар сард ОХУ-ын төсвийн алдагдал 3.9 их наяд рубль буюу 56 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрснийг Засгийн газрынх нь урьдчилсан тайланд суурилан "Bloomberg" тооцоолжээ. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов 2022 оны бүтэн жилийн төсвийн алдагдлын дээрх тооцооллыг бататгаж, дотоодын нийт бүтээгдэхийнх нь 2.3 хувьтай тэнцсэнийг Засгийн газрын хуралдааныхаа үеэр мэдээлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ талаар “Тийм ч муу үзүүлэлтүүд биш юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Урьдчилсан тайланд дурдсанаар жилийн зарцуулалтын хэмжээ нь дайны өмнөх төсөөллүүдээс 30 гаруй хувиар давсан байгаа аж.
Сонгинын "халуурал"
Сонгино хамгийн үнэтэй байдаг газар гэвэл Филиппин улсыг нэрлэж болохоор болжээ. Бүр хилээр нууцаар нэвтрүүлэх хэмжээнд хүртэл үнэ нь өссөнийг тус улсын Гаалийн албанаас мэдээлж байна. Филиппинд 12 дугаар сарын сүүлээр улаан сонгинын үнэ килограмм нь 650 песо буюу 11.84 ам.доллар хүрээд байх үед гаалийн байцаагчид хоёр чингэлэг дүүрэн "хууль бус" сонгиныг хил дээр хураан авчээ. Харин шар сонгинын үнэ хамгийн ихдээ 600 песо (10.92 ам.доллар) байгаа нь тахианы махнаас гурав дахин, үхрийн махнаас 25 хувиар илүү үнэ болохыг тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна. Зүүн Өмнөд Азийн тус улсын хоолны соёлд сонгино гол орц болдог бөгөөд улсын хэмжээнд сардаа 17 мянган тонн гаруй сонгино хэрэглэдэг аж. 12 дугаар сард Филиппиний инфляц 8.1 хувьд хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд үзүүлэлт болсон байна.
Тэрбумтны халаа
Францын тэрбумтан Бернар Арно өөрийн охин Делфинийг LVMH группийн хоёр дахь том брэнд "Dior"-ийн захирлаар сонгожээ. 73 насандаа дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэх алдрыг хүртсэн тэрбээр сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн эзэнт гүрнийхээ томоохон албан тушаалуудыг хүүхдүүддээ хариуцуулж байгаа ч өөрөө ойрын ирээдүйд "зодог тайлах" төлөвлөгөөгүй нь одоогоор тодорхой байна. Өдгөө 47 настай Делфин нь Арногийн таван хүүхдийн ууган нь бөгөөд сүүлийн арваад жилийн турш "Louis Vuitton"-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Walt Disney”-ийн ажилтнууд 7 хоногийн 4 өдөрт нь оффистоо ажиллана
Монгол Улс $2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортлоод байна
“Их 7”-ийн орнууд ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд 2 төрлийн үнийн тааз тогтоохоор төлөвлөжээ
Онцлох чарт
Өнгөрсөн онд БНХАУ-ын хүн амын тоо олон арван жилийн дараа анх удаа буурсан байж болзошгүйг судлаачид онцолж байна. 2022 оны төрөлтийн албан ёсны тоо мэдээллийг Хятадын ЗГ дараа 7 хоногт танилцуулах хүлээлттэй байгаа. Харин хүн ам зүйн судлаач Хэ Яфүгийн тооцоолсноор өнгөрсөн онд нийт төрөлт түүхэн доод түвшинд буюу 10 саяд хүрсэн байх магадлалтай аж. Тус улсад төрөлт 6 жил дараалан буурч, 2021 онд 10.6 сая хүрсэн нь БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойших доод үзүүлэлт болж байв. Харин нас баралт 2021 онд 10.1 сая бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил covid-19-ийн тархалттай холбоотойгоор энэ тоо нэмэгдсэн байх магадлал өндөр гэж тэрээр онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.