Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргажээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх Засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум ам.доллар орчим өрд зохицуулалт хийх зорилттой ажилласан.
Ташаа мэдээллээс болж, өнгөрсөн дөрөвдүгээр улиралд манай гадаад зах зээл хаалттай байлаа. Ийнхүү Засгийн газраас үүрэг авч, арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл амжилтгүй болсон юм.
Бид зах зээлээ судалж байгаад өнгөрсөн нэг, хоёр дахь өдрийг тохиромжтой гэж сонгоод олон сар жил бэлдэж ажилласны үр дүнд нэг өдөр танилцуулгаа хийж, өчигдөр нэг өдөр арилжаагаа хийсэн. Өчигдөр арилжаа хийгдээд үүрийн 04:00 цагт хаасан.
Бидний зорилтот хэмжээ бол таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл 650 сая ам.долларын бондын хэмжээнд 138 хөрөнгө оруулагчаас нийт 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Үүний үр дүнд хүү 8.65 хувь болж буурч чадсан. Энэ бол маш том амжилт.
АНУ-ын Төв банкны хүү 1 хувь байхад “Гэрэгэ” бондыг 5.7%, “Хуралдай” бондыг 8.75%-аар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадсан нь манай Засгийн газрын үйл ажиллагаанд гадны хөрөнгө оруулагчид эерэгээр хандаж байна гэж үзэж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл юм.
Нэг өдрийн арилжаа хийх явцад үндэсний компаниудын гадаад өрийн үзүүлэлтүүд сайжирсан. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкнууд эзэмшдэг. Энэ удаагийн гадаад бондын арилжааг банкнууд маш сайн дэмжиж оролцсон. Шинээр гаргасан бондоор арилжааны зориулалттай төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй. Энэ жил болон ирэх жил 1.1 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Тиймээс гадаад зах зээлээс босгосон бондын хөрөнгөөр энэ өрийг төлнө.
Үлдсэн 450 сая ам.долларын өрийг нь улсын төсвөөс төлнө. Ингэснээр 650 сая ам.долларын бондын төлбөр 2028 он хүртэл хойшилж байгаа юм. Арилжааны зээлийн нэг дарамт нь бүтэн дүнгээр төлөгддөг. Дахиж төсөл хөтөлбөр боловсруулахад арилжааны зээл авахгүй.
Засгийн газар нийт 8 тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 2.6 тэрбум ам.доллар нь бондын өр. 1.5 тэрбум ам.доллар нь төсөл хөтөлбөрийн санхүүжилт боловч тал нь Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болж үлдсэн. Бусад 5.6 тэрбум ам.доллар нь урт хугацааны хөгжлийн зээлүүд байдаг. 25-30 жилийн хугацаатай олон улсын байгууллагаас авсан хүү бага, өрийн дарамт бага зээлүүд юм. Өнгөрсөн жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийг эцсийн зээлдэгчээр төлүүлж, буцаан төлсөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.