Гурван өгүүлбэрээр:
Өндөр хүүтэй бонд
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх таван жилийн хугацаатай 450 сая ам.долларын бонд гаргаж буй. Бондын үнийн хувьд 98.812 ам.доллароор тогтоосон бол өгөөж буюу хүү 8.95% буюу Чингис бондынхоос бараг 2 дахин өндөр тогтжээ. Дэлхий даяар төв банкнууд инфляцыг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй буюу илүү өндөр өртөгтэй болж байгаа юм.
Хөрөнгийн үнэлгээ
Монгол Улсад 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг ч тэднийг банк болон бусад салбарт үнэлгээ хийхэд хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа тухай олон улсын шинжээчдийн зүгээс санал зөвлөмж ирүүлснийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцлов. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн хөрөнгийн үнэлгээний шинэ хуульд мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлагын асуудлыг тусгаж өгчээ. Мөн өмнө нь захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал байдаг байсан бол одоо хуулийн этгээд, үнэлгээчин, захиалагч, үйлчлүүлэгч, төрийн холбогдох байгууллага гэх зэргээр оролцогч талуудыг олноор нэмж оруулсан байна. Цаашдаа хөрөнгийн үнэлгээний нэгдсэн аргачлалыг Сангийн яамтай хамтран баталснаар хөрөнгийг хийдүүлэн үнэлэх эсвэл багаар үнэлэх явдал багасна гэж хууль боловсруулагчид нь үзэж байна.
Байр суурь
"Монголын эрчим хүчний салбар бие даан хөгжих боломжтой. Одоогоор эрчим хүчний үнэд улсаас их хэмжээний татаас олгож байгаа нь төсөвт томоохон дарамт учруулж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мэдээж энэ нь олон нийтэд хүндрэл учруулж, иргэд эрчим хүчний хэрэглээндээ илүү их мөнгө төлдөг болно. Гэхдээ эрчим хүчний компаниуд шаардлагатай хэмжээний орлого олж байж л энэ салбар тогтвортой хөгжих боломжтой. Ингэснээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, шинэчлэлт хийх боломжтой болно. Мөн эрчим хүчний салбарт олгож буй их хэмжээний татаасыг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт чиглүүлж болно. Бүх хариуцлагыг Засгийн газарт эсвэл олон нийтэд тохож болохгүй" хэмээн USAID-ийн "Монголын Эрчим хүчний засаглал" хөтөлбөрийн захирал Майкл Эллис "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Хоёр жуулчны нэг нь...
2022 онд Монгол Улс 290.4 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 350 сая ам.доллар хүрснийг БОАЖЯ мэдээллээ. Өнгөрсөн жил Монголд ирсэн ОХУ-ын жуулчдын тоо 145 мянга болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Монголд ирсэн хоёр жуулчин тутмын нэг нь ОХУ-ын иргэн байсан аж. 2019 онд Монгол Улс БНХАУ-аас хамгийн их буюу 168 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2022 онд хил гаалийн хязгаарлалтын улмаас хятадын жуулчдын тоо 5300 гаруй болж буурчээ. Засгийн Газраас 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд 34 улсын иргэдийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөхөөр болсон юм.
Инфляцтай уялдсан тэтгэвэр
Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгохоор тусгаад байна. Тухайлбал Дэлхийн Банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаадын зөвлөхүүдийн хийсэн үнэлгээ дүгнэлтийн дагуу нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран тэтгэврийн тогтолцооны эрх зүйн хүрээг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх, тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай нийгмийн даатгал төлөх хугацаа 84 сар байгааг 60 сар болгож бууруулах зэрэг өөрчлөлтийг найруулгад тусгажээ.
Уул уурхайн топ компаниуд
"Mining.com"-оос тодруулсан дэлхийн уул уурхайн “Топ 50” компанийн эрэмбэд багтсан компаниудын зах зээлийн үнэлгээ 2022 онд нийт 1.39 их наяд ам.доллар хүрсэн нь 2021 оны үзүүлэлтээс яльгүй бага байгаа аж. Харьцуулбал “Dow Jones Industrial Average” өнгөрсөн онд есөн хувиар унасан бол “S&P500” индекс бараг 20 хувиар унажээ. Жагсаалтад тэргүүлсэн “BHP”-ийн зах зээлийн үнэлгээ дөрөвдүгээр сард 200 тэрбум ам.доллар дөхөж, FTSE индекс дэх хамгийн өндөр үнэтэй хувьцаагаар нэрлэгдээд байсан бол одоогоор 50 тэрбум гаруй ам.доллароор буураад байна. Харин 2021 онд эрэмбийн эхний 10-т багтаж чадаагүй “Glencore” 2022 онд 86 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр гуравдугаар байрт орж ирсэн нь бусад компаниудыг дагаж нүүрс олборлолтоо орхихгүй байх стратеги баримталсантай холбоотой аж.
Зах зээлээ алдсаны дараа...
Газрын тосноос олох Кремлийн орлогыг чиглэсэн хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлснээр ОХУ-ын газрын тос олон улсын зах зээлийн үнийн талд ч хүрэхээргүй үнээр борлуулагдаж байна. Тус улсын газрын тосны экспортын голлох бүтээгдэхүүн “Урал” төрлийн газрын тос баасан гарагийн байдлаар Балтын тэнгис дэх Приморскийн боомтод баррель нь 37.80 ам.доллароор зарагдаж байжээ. Гэтэл брент төрлийн газрын тосны үнэ тухайн өдөр 78.57 ам.доллар дээр тогтвортой байв. Хэрэв уналт улам доод түвшинд хүрвэл Кремль өмнө нь хэрэгжүүлж байсанчлан үйлдвэрлэлийн гарцаа танах арга хэмжээ авна гэсэн таамаг байна. 12 дугаар сарын 5-нд Европын Холбоо ОХУ-ын далайгаар тээвэрлэх түүхий газрын тосны импортод тавьснаар нэг ёсондоо тус улсын экспортын гол зах зээл үгүй болсон юм.
Крипто "амьд"
Өнгөрсөн жил уналтад ороод байсан виртуал хөрөнгийн зах зээлд 2023 оны эхээр сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, одоогийн байдлаар өсөлтөөрөө хувьцаа, бонд, алтны үнээс даваад байна. Тэргүүлэх токенуудаас бүрдсэн “MVIS CryptoCompare Digital Assets 100” индекс энэ сар гарсаар 7 хувь өссөн бол ижил хугацаанд хувьцаануудын ханш дэлхийн хэмжээнд 2 хувь, бондууд 1 хувь, алтны үнэ 3 хувиар өссөнийг харж болно. Төв банкнууд бодлогын хүүг өсгөх эрчтэй өсгөх циклээ түр завсарлуулах магадлал нэмэгдсэн нь дэлхийн зах зээлийн өсөх хөдөлгөөнд түлхэц болж байна.
Данагар урамшуулал
Тайванийн "Evergreen Marine" компани зарим ажилтнууддаа "атаархмаар" том урамшуулал олгожээ. Далайн тээврийн тус компанийн ажилтнуудад олгогдох жилийн эцсийн урамшуулал 50 сарын цалинтай нь тэнцэхүйц хэмжээтэй буюу дөрвөн жилийн цалинг нь нэг дор олгож байгаагаас ялгаагүй болохыг мэдээлжээ. 2021 онд Суэцийн сувагт хайрдаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан хөлгийн оператор гэдгээрээ танигдсан "Evergreen" компани сүүлийн хоёр жилд ачаа тээвэрлэлтийн салбарыг бүхэлд нь хамарсан огцом өсөлтийн үр шимийг хүртэж байгаа аж. Компанийн 2022 оны нийт орлого дээд амжилт тогтоож, 2020 оны үзүүлэлтээс гурав дахин илүү буюу 20.7 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байгаа юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
2023 оны "Шилдэг ажлын байрууд"-ын жагсаалтад программ хангамж хөгжүүлэгчийн мэргэжил тэргүүлэв
Кожи Курушима: Хиймэл оюун, VR, AR технологиуд хүний амьдралд үнэ цэнэ нэмнэ
15 аймгийн 194 суманд зуд болох эрсдэл өндөр байна
Онцлох чарт
Дэлхийн Банк ихэнх улс орнууд, бүс нутгуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, гэнэтийн шокууд нь дэлхийн эдийн засгийг уналтад хүргэж болзошгүйг анхаарууллаа. Энэ онд дэлхийн ДНБ 1.7 хувиар өснө хэмээн тооцоолсон нь өнгөрсөн зургаадугаар сарын төсөөллөөс нь хоёр дахин бага тоо аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.