Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан эм болон эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах, цаашлаад бүх л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахыг уялдаа холбоотой болгох чухал зорилтыг тавьж, ажиллаж байгаа. Стандарт хөгжлийн хэмжүүр, аюулгүй байдлын шалгуур, өдөр тутмын ажил, амьдралтай шууд холбоотой, амин чухал асуудал. Эрүүл мэндийн яамны хүрээнд хэрэгжүүлэх гол ажлын нэг нь стандарт. Засгийн газрын тогтоол шийдвэрээр энэ оныг стандартын жил болгож зарласан. Өнөөдрийг хүртэл бид стандартын талаар төрөөс баримтлах бодлогогүй явж ирсэн. Стандарт хэмжил зүйн газар хэдийгээр байгаа ч хүн, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон.
Өнөөдөр Монгол Улсад 6500 гаруй стандарт мөрдөгдөж байна. Түүнээс 644 нь стандартын баталгаажилттай гэж байгаа ч 50 хувь нь л бүрэн баталгаажсан байна. Тэгэхээр бидний хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоомноос эхлээд хэрэглэж байгаа хүнс, эм тариа, гишгэж байгаа газар стандартгүй байдалд байна. Иймээс стандартыг цаашид хэрэгжүүлэх том зорилт байна.
Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Стандартын тухай хуульд 20 нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа. Төрөөс баримтлах бодлого бэлэн болсон. Эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 352 нь эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлгийн тусламж үйлчилгээнийх, үлдсэн 273 нь эмзүйнх, харин 77 нь лаборатори, ариутгал, халдваргүйтгэлд байна.
Өнгөрсөн хугацаанд Шадар сайдын зүгээс төр, хувийн хэвшилтэй хамтран ажлын хэсгээс 702 стандартад дүгнэлт хийж үзлээ. Ингэхдээ өнөөдрийн байдлаар ашиглагдаж үлдэх нь 135, цаашид шинэчлэх шаардлагатай 218 стандарт байна. Бидний хэрэглэж байгаа 700 гаруй стандартын 10 гаруй нь шаардлага хангаж байна гэсэн юм.
Эрүүл мэндийн салбар гэлтгүй бүхий л салбарт стандартаа мөрдсөн тохиолдолд хариуцлагагүй байдал арилна. Засгийн газрын тогтоол гарсан. Стандартыг үндэсний хөтөлбөр болгож, салбар салбарт стандартыг сайжруулах хүрээнд Шадар сайд бүх яаманд очиж ажиллана гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.