УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт, хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж байна.
Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа:
-Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол улсын Их хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн 2017 оны 05-р сарын 31-ны өдрийн 75 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн талаар товч танилцуулъя. Таван зүйл заалттай шаардлагыг зургаан жилийн өмнө хүргүүлж байсан ч үүнээс хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Төрийн болон улс төрийн нөлөө их болж компанийн засаглал бий болох ямар ч аргагүй боллоо. Галт тэрэг зардаг асуудлыг бид хөндөж байсан ч намайг хоёр ч удаа шүүхэд дуудсан. Өчигдрийн шүүх хурлыг харахад С.Батдөлийн асуудал нь одоо авлига бус татвараас зайлсхийсэн болоод явчихлаа. УБТЗ-ын компанийн засаглал болон Нийгмийн даатгалын шимтгэлийг арилжааны банканд алдаж болзошгүй байдал үүсчихээд байна.
Манай УБТЗ-ын байгууллага алдагдал өндөр байгаа ч өнгөрсөн жилийн урамшуулалт цалингаа 100 хувь нэмэгдүүлнэ гэж шийдвэрлэсэн. Гэтэл манай салбарын сайд гэнэтхэн 200 хувиар нэмэгдүүлэх чиглэл өгч байна. Үйлдвэрчний эвлэлтэйгээ уулзахдаа манай байгууллага мөнгө төгрөггүй гэдэг атлаа сайд тушаал өгчихөөр за гэдэг юм байна. Ингээд бодохоор эсвэл бидэнд боломжгүй гэдэг нь үгийг хэлдэг ч цалингаа нэмэх хэмжээний мөнгөтэй байдаг юм биш байгаа гэдэг хардлага төрж байна. Ер нь ийм тушаал шийдвэр жирийн ажилчдын нуруун дээр ирдэг гэдгийг анхаарах ёстой юм.
Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг:
-БНХАУ-тай солилцох галт тэрэгний тоо болон хагас вагоны хангалт нь экспортын эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалан далд эдийн засгийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ асуудал нь хувь хүнд асуудал байна уу, тогтолцоонд асуудал байна уу, далд эдийн засаг дах авилгийн мөнгийг нь хэрхэн төмөр замын орлого болгож тэрхүү орлогоор төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчлэх, нийгмийн асуудал, технологийн шинэчлэлийг хийх вэ гэдэг өнөөдөр хамгийн чухал асуудал. Тээврийн хөлсөнд өгч буй мөнгөний хэмжээнээс илүү авлигад өгч буй мөнгөний хэмжээ нь хэд дахин их байгаа нь тээврийн тариф хэт бага байгааг нотлон харуулж байна.
Иймд Монгол улсын засгийн газраас экспортын тарифын үнийг чөлөөлөх, тээвэрт ашиглагдаж буй хагас вагоны хангалт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох, төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээвэр /Зорчигч тээвэр, дотоодын ачааны тээвэр/-ийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авахыг хүсэж байна.
Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөх Б.Энхтөгс:
-УБТЗ-д 2021 оноос хойш удирдах ажилтнуудын тоо 20 гаруйгаар нэмэгдлээ. Эдгээр удирдах ажилтнуудын цалин хөлс, хангамж, өрөө тасалгааны тохижилтод эдийн засгийн хямрал үнийн өсөлтийн үед зардал нэмэгдүүлсээр байна. Ажлын хүндийг нугалдаг ажилтнуудаас илүү Удирдах газрын орон тоо данхайж байгаагийн улмаас жирийн ажилтнууд салбар нэгжийн ажилтнуудын ажлын ачаалал зохиомлоор нэмэгдэж байна.
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд ялангуяа удирдах ажилтнуудын хувьд ил тод нээлттэй шударга зохион байгуулах шаардлагатай байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар: Улаанбаатар өртөөний ҮЭ-ийн хорооны дарга А.Болормаа:
-Сүүлийн үед УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, түүний харьяа тулгуур 10 өртөө, 2 анги, нийт 3000 төмөр замчдын нэр хүнд, урам зоригийг гутаасан үйлдэл болсон. Уг албаны орлогч дарга Б нь энэхүү авлигын гэмт хэргийг ганцаар үйлдээгүй, босоо удирдлагатай төмөр замын хувьд дээд шатны албан тушаалтнууд шууд холбоотой. Иймд эдгээр албан тушаалтнууд уг гэмт хэрэгт буруутай эсэхийг нарийн тогтоож, шалгуулах шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн хэлж байна шударга хүн үлдсэнюм бна
Зөв, улс төрийн шахаасууд олон бий ч жир ийн төмөр замчид тэднээс олон шүү. Та бүхний боломж, татварыг хулгайлсан Батдөл түүний удирдагч нарыг гэсгээн шийтгэ