Гурван өгүүлбэрээр:
Шинэ бондын сураг...
Монгол Улсын Засгийн газар "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг фирмүүдийг 2023 оны нэгдүгээр сарын есөнд эхэлж буй хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтдаа андеррайтерээр бүртгэснийг эх сурвалж мэдээллээ. Цаашлаад ЗГ ам.долларын бонд гаргаж магадгүй байгаа ч энэ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалах аж. Бондод “S&P Ratings” болон “Fitch Rating”-ээс “B” зэрэглэл тогтоох хүлээлттэй байгаа юм. Үүний зэрэгцээ Монгол Улс 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бонд эзэмшигчдийг үнэт цаасаа зарах эсвэл шинэ үнэт цаас орлуулан эзэмших санал тавьж байгаа аж. Шинэ санхүүжилтээр “Гэрэгэ” бондыг бүрэн, “Хуралдай” бондыг хэсэгчлэн санхүүжүүлэхээс гадна холбогдох зардлыг нөхөхөөр зорьж байна.
Нэмэлт ачаа үүрэх үү?
Тэгвэл шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг "Bloomberg" өнгөрсөн 10 дугаар сард тооцоолж байв. Тиймээс дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл дунд эдийн засгийн байдал нь тааруу байгаа орнуудын хувьд бондоо дахин санхүүжүүлэх нь улам хүндрэлтэй болох юм. Мөн одоо байгаа бүх бондуудыг дахин санхүүжүүлбэл 1.1 их наяд ам.долларын нэмэлт зардал гарна гэж үзжээ. Монгол Улс 2023 онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, мөн "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байгаа юм.
Байр суурь
"Бодлогын хүүг нэмэгдүүлэхийн нэг сөрөг тал нь хөрөнгө оруулагчид, хувь хүн байна уу, даатгалын компани, сангийн менежер байна уу хамаагүй бүгд эзэмшиж байгаа бондынхоо төлөлтийн хугацааг богиносгохыг оролдоно. 10 жилийн хугацаатай бондоос илүү хоёр жилийн, нэг жилийн хугацаатай бонд эзэмшихийг хүснэ гэсэн үг. Яагаад гэвэл бодлогын хүү өсөхтэй зэрэгцээд үнэ шилжих эрсдэлийг үүрэхийг хүсэхгүй шүү дээ. Нөгөө талаас бодлогын хүү өндөр байгаа тохиолдолд санхүүжилт татах талын эрэлт буурна. Тэгж өндөр хүү төлөхийг хүсэхгүй. Монгол Улсын хувьд өгөөж өндөртэй улсад тооцогдож ирсэн. Тийм болохоор 9, 10 жилийн хугацаатай бонд гаргадаг. Тиймээс энэ динамик өөрчлөгдөж байж хүмүүс Монголын зах зээлийг боломж гэж харах болно" хэмээн “Earnst & Young”-ийн Ази, Номхон далайн санхүүгийн үйлчилгээ, банк болон хөрөнгийн зах зээлийн Ахлах партнер Кит Погсон "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолж байв.
Экспорт өсөв
2022 онд Монгол Улсын экспортын хэмжээ 35.7 хувиар өссөнөөр импортын дүнг давж, худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Тайлант хугацаанд гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 32.1 хувиар өссөн байна. Экспортын голлох бүтээгдэхүүн болох чулуун нүүрсний экспорт 31.7 сая тоннд хүрч, гүйцэтгэл нь төсвийн тодотголд заасантай харьцуулахад 143.4 хувьтай гарчээ. Харин зэсийн баяжмалын экспорт 2021 оны мөн үетэй харьцуулахад 170.8 мянган тонноор өссөн ч зэсийн үнэ унаснаар үнийн дүн нь 165 сая ам.доллароор буурсан байна. 2023 онд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт бүрэн эхэлж, хил нээгдсэнээр зэсийн экспорт сэргэх төлөвтэй байна.
МХБ-ийн хувьцаа өсөв
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний өдөр 50,644 ширхэг хувьцаа нь 115 төгрөгийн нэгжийн үнээр арилжигдлаа. Хувьцааны ханш нь дээд хэмжээгээр буюу 15 хувиар өссөнөөр хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь одоогоор 40.3 тэрбум төгрөг болсон байна. Тус компанийн анхдагч зах зээлийн арилжаагаар 6647 хөрөнгө оруулагчаас 33 тэрбум 543 сая төгрөгийн захиалга ирүүлснээр гүйцэтгэл нь 485 хувьтай биелээд байсан билээ.
Ноолуурын боломж
Монгол Улсад шинээр 12 самнах үйлдвэр байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эхэлбэл ноолуур самнах 43 үйлдвэртэй болохыг ХХААХҮЯ мэдээлжээ. Дэлхийн ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс дангаараа бүрдүүлдэг ч нийт бэлтгэсэн ноолуурынхаа ердөө 10 хувийг самнаж экспортолж байна. Мөн 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсан ч тэдгээр нь 25 хувийн ашиглалттай байгаа юм. Харин өнгөрсөн 10 дугаар сард гарсан ЗГ-ын зохицуулалтын дагуу зөвхөн хялгасыг нь самнасан ноолуурыг экспортолж эхэлснээр экспортын хэмжээ огцом өсөж, дэлхийн томоохон брэндүүдтэй хамтарч ажиллаж эхлээд байгааг онцолжээ. Тухайлбал Итали улс руу самнасан ноолуурын 90 хувийг экспортолж, "Loro Piana", "Falconeri", "Chanel", "Schneider" зэрэг томоохон брэндүүдтэй Монголын 20 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл хамтарч байна.
НҮБ-ын тусламж
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Covid-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ. ХБНГУ-ын Засгийн Газраас НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулан хандивласан энэ санхүүжилтээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тусламжийг үзүүлнэ гэж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуассие-Комлан мэдэгдсэн юм. 2022 онд НҮБ-ын хүүхдийн сангаас нийт 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгчээ.
"Бид эндээс явахгүй"
ХБНГУ-ын баруун хэсэгт орших Гарцвайлерийн нүүрсний ил уурхайг өргөтгөхөөр болсныг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн ням гарагт цагдаагийн албан хаагчидтай зөрчилдсөн байна. “RWE Group”-ийн эзэмшдэг тус уурхайн өргөтгөлийн ажлын хүрээнд Кёльн хотын ойролцоох Люцерат хэмээх хаягдсан тосгоныг нураах шаардлагатай болсон аж. Гэвч цөөн тооны эсэргүүцэгчид тус тосгонд майхан, урц барин амьдрах болсон бөгөөд нураалтын хугацаа дөхөх тусам илүү олон эсэргүүцэгчид тэдэнтэй нэгдэж, өдгөө 1500 орчим хүрээд байгаа юм. Тус улс ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа багасгаж, бусад уурхайнууд хаагдаж байгаа тул 2024 оноос хойших хугацаанд эрчим хүчний станцуудыг хангахад Люцерат болон ойролцоох бүс нутгийн нүүрсний нөөц зайлшгүй хэрэг болно хэмээн “RWE Group” тайлбарлаж байв.
АХБ-ны төсөөлөл
Азийн хөгжиж буй орнуудын сэргэлтийн хурдыг сааруулсаар байгаа гурван гол эрсдэл нь БНХАУ дахь цар тахлын хорио хязгаарлалтын нөлөө, ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл, санхүүгийн хумигдмал нөхцөл байдал буюу дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал болохыг Азийн Хөгжлийн Банк тодорхойлжээ. Эдгээрийг харгалзан үзсэний үр дүнд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, 2022 онд 4.2 хувь, 2023 онд 4.6 хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Мөн тус банк 2022 оны инфляцын төсөөллөө 4.4 хувь болгон бууруулсан бол 2023 оны төсөөллөө 4.2 хувь болгон нэмэгдүүлжээ.
Жак Ма vs БНХАУ
БНХАУ-ын эрх баригчид технологийн салбар дахь хяналт, шалгалтаа чангаруулж байгаатай зэрэгцэн тэрбумтан Жак Ма өөрийн үүсгэн байгуулсан “Ant Group”-ийн хяналтын эрхийг шилжүүлж өгөхөөр болжээ. Тус компани үүсгэн байгуулагч болон менежмент, ажилчдын төлөөлөгчдөөс бүрдсэн 10 иргэний бие даан санал өгөх эрх бүхий хувьцааг арилжаалахаар болсноо бямба гарагт зарласнаар Жак Ма “Ant Group”-ийн үйл ажиллагааг хянах боломжгүй болсон байна. 2020 онд “Ant Group”-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх байсан өдрийн өмнө Жак Ма БНХАУ-ын зохицуулагч байгууллагуудыг шүүмжилсэн бөгөөд түүнээс хойш олны өмнө харагдах нь эрс ховордоод байсан юм.
Apple-ийн машин?
Лас Вегаст болсон CES шоуны үеэр "BMW" компанийн танилцуулсан "i Vision Dee" автомашины консепт загвар нь "Apple" компанийн ирээдүйд гаргах автомашиныг урьдчилан харуулав уу гэлтэй. Автомашины салхины шил нь дуу хоолойгоор удирдагддаг аварга том дэлгэцний үүргийг гүйцэтгэх бөгөөд жолоочид зориулсан ямар ч товчлуур, унтраагуур байхгүй маш "цэвэрхэн" салонтой. "i Vision Dee"-д ашиглагдах зарим технологи хамгийн эртдээ 2025 оноос бодит болох бөгөөд ихэнх программ хангамжийг нь BMW өөрсдөө хөгжүүлж байгаагаараа онцлог аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Дэлхийн Төв банкнууд инфляцын эсрэг тэмцэлд ялалт байгуулах хараахан болоогүй байна
Эрдэмтэд нүүрсийг бал чулуу болгон хувиргахад нэг алхам ойртов
Онцлох чарт
Инфляцын өсөлтийг дагаад цалин хангалттай нэмэгдэхгүй нь тодорхой болсон энэ онд хүмүүс үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажил хийж нэмэлт орлого олох арга замыг эрэлхийлж байна. Тэгвэл "ZipRecruiter" компани хагас цагаар хийх боломжтой, тавигдах шаардлага багатай ажлын байруудыг жагсааж, нэг цагийн дундаж цалингаар нь эрэмбэлсэн байна. Гэхдээ блоггер, контент бүтээгч гэх мэт түгээмэл ажлуудыг жагсаалтад багтаагаагүй нь тэдгээрийг голчлон "фрилансинг" ангилалд оруулдаг, ажлын зар дээр тавьдаггүйтэй холбоотой аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.