Нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн вакцин тарьсан асуудалтай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат мэдээлэл өглөө. Ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Улмаар аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, энэ хугацаанд даргын сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөжээ. Цаашлаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд болон таван сувилагчид хариуцлага тооцох ажлыг шат дараатай хийнэ гэдгийг аймгийн засаг дарга хэлэв.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос ирсэн мэргэжилтнүүд болон орон нутгийн хамтарсан баг ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөх стандарт, зааврын хэрэгжилт хангалтгүй, мэргэжилтнүүдийн хүний нөөцийн дутагдал, ажлын байрны давтан сургалт, дадлагажуулалтыг хангалтгүй хийсэн, тухайн байгууллагууд дотоод хяналт шалгалтаа хангалтгүй хийсэн гэх урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн, ямар нэг сөрөг зүйл ажиглагдаагүй. Нэг иргэний уушгинд нэвчдэс илэрсэн ч нарийн шинжилгээгээр вакцин тариулахаас өмнө үүссэн нэвчдэс болохыг тогтоожээ. Харин сувилагчдад хэрэг үүсгэж, аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж нэмж хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
"Харин сувилагчдад" "Харин сувилагч нарт"