Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд бүхий 77 зээлдэгчидтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх долоо хоногт болно. Тус сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Энэ хүрээнд түр хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан. Хянан шалгах түр хороо нээлттэй сонсголын тов, асуудлын дарааллыг тогтоосон. Энэ хүрээнд гурван үе шаттайгаар нотлох баримтыг шинжлэн дүгнэнэ.
Нэгдүгээрт, 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд /Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наядын төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчээс асууж, нотлох баримтыг шинжилнэ/
Хоёрдугаарт, 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл арга хэмжээний үр дүн, ашиглалт, зарцуулалтын талаар ярилцана. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сонсоно/
Гуравдугаарт, 2023 оны гуравдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно/ гэсэн гурван үе шаттайгаар явуулна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд бүхий 77 зээлдэгчидтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол ирэх долоо хоногт болно. Эдгээр 77 зээлдэгчийн 22 зээлдэгчийн зээл, зарцуулалт хэвийн гэсэн дүгнэлт гарсан. Ирэх 7 хоногт 55 төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн ярина. Нэг өдөрт 11 төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн ярина гэсэн үг.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь ерөнхий хяналтын сонсголоос ялгаатай юм. Түр хорооны гишүүд оролцоно, өөр гишүүд оролцох боломжгүй. Урьдчилсан байдлаар 300 гаруй хүнийг гэрчээр дуудна. Тус сонсголд цагдан хоригдсоноос бусад бүх хүнийг оролцуулна. 2010 оноос хойш ажиллаж байсан ТУЗ, мэргэжилтнээс эхлээд албан тушаалтан, сайдууд бүгд оролцоно. Явцын дунд нэмж дуудагдах хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Гэрчүүдийг үе шаттайгаар оролцуулна. Гэрчээр дуудна гэдэг нь өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван төрийн бус байгууллагыг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулна.
Үндэсний телевизийн шууд дамжуулна. Бусад хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл, иргэд оролцох боломжгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.