СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-09

Овоот төслийн ахиц

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэлж байна.
  2. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн болсон эхний өдөр 300 зорчигч хилээр нэвтэрчээ.
  3. Дэлхийн хамгийн хурдан супер компьютерийг хөргөхөд 22 мянган литр ус шаардагдаж байна.

Инфляц өндөр түвшинд

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 онд хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 13.2 хувьтай гарснаас нийт өсөлтийн 47.6 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна. 12 дугаар сард инфляц өмнөх сараас 1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.9 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.6 хувиар, хувцас бөс бараа гутлын бүлгийн үнэ 1.2 хувиар, тээврийн бүлгийн үнэ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн болохыг ҮСХ мэдээлсэн. Тэгвэл 2023 онд инфляц төв банкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдахаар байгааг АХБ мэдээлээд байгаа юм. 

MSE - хоёрдогч арилжаа

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа MSE үсгэн кодтойгоор өнөөдрөөс эхэлж байна. Компанийн анхдагч зах зээлийн арилжаагаар 6647 хөрөнгө оруулагчаас 33 тэрбум 543 сая төгрөгийн захиалга ирүүлж, гүйцэтгэл 485 хувьтай биелсэн тул СЗХ-ноос арилжааг амжилттай болсонд тооцжээ. Мөн хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүсэж байгаа аж.

Байр суурь

"Монголын уул уурхайн салбарт төр өөрөө ард түмний баялгийг зөв, шударга, оновчтой байдлаар хөгжүүлэх боломжийг бий болгодог зохицуулагч уу, эсвэл хувийн хэвшилтэйгээ, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа өрсөлддөг өрсөлдөгч үү гэдэг сонирхолтой үе шат дээр ирээд байна. Үүнийг улс төрчид соргогоор анхаарч, "Баялагтаа эзэн Монгол" гэх мэт байдлаар улс төрийн хөтөлбөрөө болгосноор энэ нь яваандаа уул уурхайн салбарын өнөө цагийн хийгээд цаашдын хөгжлийн чаг хандлагыг тодорхойлох нөхцөл байдалд хүрлээ" хэмээн "Блак Рок Партнерс" ХХК-ийн Захирал Г.Сурахбаяр "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Замын-Үүд нээгдэв

БНХАУ гурван жилийн дараа гадаадын иргэдэд бүрэн нээлттэй болж байгаатай зэрэгцэн Замын-Үүд олон улсын боомтын авто замыг ням гарагаас нээж зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ. Боомт нээгдсэн эхний өдөр 300 зорчигч хилээр нэвтрүүлэхээр төлөвлөсний дагуу тухайн тооны зорчигчдыг Эрээн рүү нэвтрүүлжээ. Үүнээс гадна Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30 тэрбум төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233 сая юанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэснийг Улсын комисс хүлээн авсан байна.

Овоот төслийн ахиц

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining" компани Овоотын коксжих нүүрсний төслийн 2022 оны эцсийн байдлаарх явцыг танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Нүүрсний үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны ТЭЗҮ, Нүүрс тээвэрлэх замын ТЭЗҮ гэх мэт томоохон зөвшөөрлүүд авсан байна. Цаашид орон нутгийн иргэдтэй харилцах, орон нутгийн удирдлагын төлөөлөлд төслийн төлөвлөгөөг танилцуулах, ойлголтоор хангах ажил хүлээгдэж байгаа гэдгийг компани онцоллоо. "Aspire Mining" нь Хөвсгөл аймгийн нутагт байрлах Овоотын коксжих нүүрсний төслийн 100 хувь, мөн Нүүрстэйн коксжих нүүрсний төслийн 90 хувийг эзэмшдэг. Овоотын коксжих нүүрсний төсөл хэрэгжиж эхэлснээр Эрдэнэтээс төмөр замаар дамжуулан ОХУ, БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

BYD тансаг зах зээлд

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компани өөрсдийн тансаг зэрэглэлийн анхны брэнд болох “Yangwang”-ийг танилцууллаа. Пүрэв гарагт танилцуулагдсан SUV ангиллын “Yangwang U8” автомашиныг компани “нэг сая юаниас дээш үнэтэй” гэдгийг зарласнаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Ингэснээр “U8” нь Хятад дахь хамгийн үнэтэй цахилгаан автомашинуудын нэг болгох бөгөөд харьцуулбал “Tesla” компанийн "Model Y" SUV-ийн үндсэн үнэ нь 289 мянган юань буюу 42 мянган ам.доллар байдаг. “U8” загвар нь дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй төдийгүй “BYD”-ийн нэрийн хуудас болсон “blade” төрлийн цэнэг хураагуураар тоноглогджээ.

Aramco хямдрал зарлав

Саудын Араб улс гол импортлогч нь болох Ази, Европын зах зээлд газрын тосны үнээ хямдруулсан нь улс орнуудын эдийн засаг удааширч, БНХАУ-д Covid-19-ийн халдварын тархалт эрс нэмэгдсэнээс шалтгаалан эрэлт сул түвшинд хадгалагдсан хэвээр байгааг илтгэж байна. Тус улсын төрийн өмчит “Saudi Aramco” компани хоёрдугаар сард Азийн орнуудад нийлүүлэх бүх төрлийн боловсруулаагүй газрын тосныхоо үнийг бууруулжээ. Тус компанийн гол бүтээгдэхүүн “Arab Light” төрлийн газрын тос болон бүс нутгийн жишиг үнийн зөрүү баррель тутамд 1.80 ам.доллар болж буурсан нь 2021 оны 11 дүгээр сараас хойших доод түвшин болсон байна. Саудын Араб улс түүхий газрын тосны нийт экспортынхоо 60 хувийг Ази руу урт хугацааны гэрээгээр гаргадаг бөгөөд сар бүр үнэ ханшдаа хяналт хийдэг аж.

Glencore-ийн зовлон

“Glencore” компанийн томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс компанийн эрчим хүчний нүүрс олборлолтын төсөл нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих Парисын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж буй эсэхийг ил болгохоор шахалт үзүүлж эхэлжээ. "LGIM" “HSBC Asset Management” зэрэг хувьцаа эзэмшигчид дээрх асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагыг “Glencore”-д хүргүүлсэн бөгөөд ирэх тавдугаар сард болох компанийн хурлаар шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдэхээр болжээ. Шаардлагад нэгдсэн хөрөнгө оруулагчдын эзэмшдэг нийт хөрөнгө 2.2 их наяд ам.доллар хүрч байгаа аж. 

Цаглашгүй хүчин чадал

АНУ-ын Теннесси мужийн эрдэмтдийн бүтээсэн супер компьютерийн нэг секундэд хийх тооцоолол нэг квинтиллионы (10-ыг 18 зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү) босгыг давсан нь түүхэн амжилт болсон билээ. Албан ёсоор дэлхийн хамгийн хурдан компьютер гэж тооцогдож буй "Frontier" нэртэй тус системийг ажиллуулахад асар том дэд бүтэц, өндөр түвшинд бэлтгэгдсэн ажилчид, мөн их хэмжээний ус шаардагддаг аж. Тодруулбал компьютерийн хөргөлтийн систем болох аварга хоолойнуудаар минутанд 22 мянга гаруй литр ус дамжуулдаг бөгөөд эс бөгөөс 678 м2 талбайтай дэд бүтэц нь тэр даруй хайлах юм. 1 квинтиллион тооцоолол гэдэг нь дэлхий дээрх хүн бүр дөрвөн жилийн турш огт завсарлалгүйгээр нэг минутад 60 тооцоолол хийж байгаатай дүйцэх хэмжээ юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

Sotheby's: 2023 онд тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт бага зэрэг буурах төлөвтэй

БНХАУ Австралийн нүүрснээс гадна дарс, хавчны махны импортод тавьсан хоригоо сулруулж магадгүй

Онцлох чарт

Өдөр тутмын хэрэглээнийхээ зардлыг кредит картаар төлдөг Америкчуудын тоо 12 дугаар сард огцом өссөн нь айл өрхүүд үнийн өсөлтийн дарамтад орж, байнгын орлого нь амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхээргүй болсныг харууллаа. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны судалгаагаар өнгөрсөн сард нийт өрхүүдийн 35 хувь нь долоо хоногийн хэрэглээний зардлаа нөхөхөд кредит карт ашигласан, эсвэл зээл авсан байна. Энэ 11 дүгээр сарын түвшнээс 32 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын түвшнээс 21 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.