Экспортын нүүрсийг хил нөхцөлөөр зарах Засгийн газрын тогтоолтой холбогдуулан улс хоорондын ачаа тээвэрлэгчийн нэвтрэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:
-Засгийн газрын 2022 оны 362-р тогтоолоор нүүрсийг хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэхээр тусгасан. Өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан бол энэ оноос эхлэн уул уурхайн олборлолт хийж байгаа компаниудад олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгохоор болсон. Хилээр гарах нүүрсийг биржийн журмаар, ил тод зарах бэлтгэл ажлаа хангаад байна.
С зөвшөөрөл нь Монгол, БНХАУ хоорондын олон улс тээвэрлэлтийн автомашин зорчих эрх юм. 2023 оны 1-р сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрлөөр явах бол 1-р сарын 15-наас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгосон С зөвшөөрлөөр явна.
Эхний ээлжид нүүрсийг хилийн үнээр худалдан борлуулах аж ахуй нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод байдлаар сонгон шалгаруулах бөгөөд Төрийн худалдан авах агентлаг дээр тендер зарлачихсан байгаа. Үүнийг 2023 оны 1-р сарын 18-нд нээж, 20-ны үеэр гэрээ байгуулж, шинэ С зөвшөөрлөө тухайн аж ахуй нэгжид олгоно.
Хоёрт, Цагаан хад боомтод худалдан авагчийн аваад овоорсон 7 сая тонн нүүрсийг энэ онд хилээр гаргах ёстой. Үүнтэй холбоотойгоор С зөвшөөрлийг олгоно. 2023 оны нэгдүгээр улиралд Монголд олгогдсон нийт 7800 С зөвшөөрлийн 60 хувийг буюу 4680 С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгогдож буй.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 ААН байна. АТҮТ-ийн Тээврийн нэгдсэн системд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 10296 хүсэлт иржээ. Тээврийн нэгдсэн системд ирсэн эдгээр хүсэлтийг нягталж үзээд, 7904 хүсэлтээс 4680 зөвшөөрлийг олгох болно. Бид 2-р сарын 1-нд биржээр арилжаалах бөгөөд 1698 С зөвшөөрлийг тендерт шалгарсан аж ахуй нэгж, жолоочид олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хад боомтод худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргах тээврийн компанид олгоно.
Ирүүлсэн хүсэлт олгох зөвшөөрлийн тооноос давсан тохиолдолд ижил зарчмаар шударга хуваарилна. Өнөөдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайтад ил тод харуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.