Гурван өгүүлбэрээр:
Шинэ томилгоо
Aвлига, "нүүрсний хулгай"-тай холбоотой асуудaл анхаарлын төвд буй энэ үед Засгийн газар халаа сэлгээ хийлээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдах үеийн бүтцээс долоон сайд л ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Шинэ ЗГ байгуулагдсанаас хойш сайд нарын тоо нэмэгдсэний зэрэгцээ яамдад 10 гаруй сайд солигджээ. Сүүлийн томилгоогоор Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд, Х.Булгантуяаг Боомтын сэргэлтийн сайд, Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайд, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар тус тус томилов. "Давхар дээл"-тэй сайдын тоо 4 байсан Үндсэн хуулийн хязгаарлалтыг хүчингүй болгосноос хойш ийнхүү УИХ-ын 10 гаруй гишүүн сайдаар томилогдоод байна. "Харилцан хяналт тавьж байх ёстой институтууд хяналтаа бүрэн дүүрэн тавьж чадаж байна уу гэдэг дээр маш том асуултын тэмдэг гарч ирж байгаа. Хяналтын тэнцвэр алдагдсан" хэмээн хуульч Т.Алтангэрэл шүүмжилж байв.
2022 онд ДНБ 4% өсөв үү?
Уурхайн ам болон хил дээрх нүүрсний үнийн асуудал цэгцрэхэд Монгол Улсын эдийн засаг нэлээд хэмжээгээр тэлэх болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарыг УИХ-д танилцуулсныхаа дараа мэдэгдлээ. Мөн эдийн засаг оны эцэст 4 хувийн өсөлттэй, гадаад валютын нөөц эерэг гарсныг тэрбээр онцлоод, эдийн засаг харьцангуй сэргэвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг үе шаттай шийдвэрлэх болохоо илэрхийлсэн юм. Мөн тэрбээр "Тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй" гэж хэлсэн нь анхаарал татав. Ямартай ч 2022 оны ДНБ-ий өсөлтийн үзүүлэлтийг ҮСХ албан ёсоор мэдээлэхээс өмнө Ерөнхий сайд зарлаад амжив.
Байр суурь
"Инфляцад нөлөөлж буй нийлүүлэлтийн талын хүчин зүйлсийг бодлогын хүүг нэмэгдүүлснээр шийдвэрлэхгүй учраас ЗГ-ын оролцоо шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулалт болон нийт алдагдлыг бууруулах, төсвийн зардлын өсөлтийг өмнөх оноос, инфляцын түвшнээс хэтрүүлэхгүй байх гэх мэтээр төсвийн чанга бодлого явуулж байж мөнгөний бодлогыг дэмжинэ. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр, инфляц хүндрэлтэй байгаа нөхцөлд ОУВС-ийн хөтөлбөрт орох бэлтгэл ажлаа давхар хангаад явж байхад буруудахгүй" хэмээн Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон.
Эмэгтэйчүүдийн оролцоо
Монголд магистр, бакалаврын зэрэгтэй эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо ижил түвшний боловсролтой эрэгтэйчүүдийнхээс 17.1, 16.8 нэгж хувиар тус тус доогуур байгааг Азийн Хөгжлийн Банк мэдээллээ. Ялангуяа 2000 оноос хойш Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 7.6 хувиар буурсан байна. Түүнчлэн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд гэрийн ажилд хөдөлмөр эрхэлдэг эрэгтэйчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгаа аж. Өрх гэр болон ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 53.4 хувиас 63.2 хувь болгон өсгөх боломжтойг АХБ тооцоолсон. Ингэснээр Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор ДНБ 16.1 хувиар өсөх ач холбогдолтой гэж үзэж байна.\
Шатахууны зохицуулалт
Татварыг нь 2022 он дуустал тэглээд байсан АИ-92 автобензиний үнийг тогтвортой байлгах, үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн онд Монголбанк 707 тэрбум төгрөгийн санхүүжилтийг репо арилжааны хүүгээр аж ахуйн нэгжүүдэд олгож шатахууны нөөц бүрдүүлэлтийг дэмжиж ажиллажээ. 2022 онд АИ-92 шатахууныг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах хөнгөлөлттэй нөхцөл бүхий хэлэлцээрийн 282.8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг банканд репо арилжааны хүүгээр олгож, 120 мянган тонны нөөц бүрдүүлсэн байна.
Биржийн бус зах зээл
2022 оны эцсийн байдлаар биржийн бус зах зээлд 1.4 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, нийт 946.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэнийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо мэдээллээ. Түүнчлэн 453.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл нэмж гарахаар хүлээгдэж байгаа аж. Нийт бүртгэгдсэн бондыг cалбараар нь авч үзвэл банк бус санхүүгийн байгууллагууд хамгийн их буюу 46.3 хувийг эзэлж байгаа бол, хөрөнгө оруулалт 30.8 хувь, үл хөдлөхийн салбар 32.2 хувийг эзэлж байна. Мөн өрийн хэрэгслийн дундаж хүү 16.84 хувь байгааг онцолжээ.
Түүхий эдүүд "цойлно"
Дэлхийн эдийн засаг түүхий эдийн хэрэгцээгээ хангахад томоохон бэрхшээлүүдтэй тулгарч байна. Өнгөрсөн онд түүхий эдийн үнийн өсөлт тэнгэрт тулсан ч ашигт малтмал, байгалийн нөөцийн салбар хүчин чадлаа нэмж, нийлүүлэлтийн хомсдолыг арилгахад яарахгүй байна. 24 түүхий эдийн үнийг нэгтгэн тооцдог “Bloomberg Commodity Spot Index” өнгөрсөн оны зургаадугаар сард дээд түвшинд хүрснээсээ хойш 20 орчим хувиар буураад байгаа ч 2008 болон 2011 оны хямралын үед хүрсэн дээд үзүүлэлтээсээ давсан хэвээр байгаа юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй бол 2023 онд зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд өөр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Австралийн нүүрс БНХАУ-д
БНХАУ-ын эрх баригчид Австралийн нүүрсний импортод тавиад байсан хоригоо тодорхой түвшинд сулруулахаар төлөвлөгөө гаргаж эхэлжээ. Энэ хүрээнд тус улсын дөрвөн том импортлогч компани дөрөвдүгээр сараас эхлэн Австрали улсаас нүүрс худалдан авалтаа хэвийн үргэлжлүүлж магадгүй болсон аж. БНХАУ өмнө нь Австралийн нүүрсний гол импортлогч орон нь байсан ч “коронавирус”-ийн уг гарлыг тогтоох шалгалттай холбоотой асуудлаар хоёр орны хооронд маргаан үүсэж, улмаар 2020 оны эцсээр Бээжингээс зүгээс тус улсын нүүрсний импортод хориг тавьсан юм. Ийнхүү Австралийн талд нааштай яриа хэлцэл хийж байгаа энэ үед БНХАУ Монголоос татах нүүрсний эрэлтийн тодорхой хэсгийг Австралийн нийлүүлэлтээр хангаж эхлэх магадлалтай болж байна. Гэхдээ импортыг сэргээсэн ч зарим хязгаарлалтыг хэвээр үлдээх учраас Австралиас импортлох нүүрсний хэмжээ тийм ч их байхгүйг “SXCoal” онцолжээ.
Microsoft-ийн удаашрал
“UBS” банкнаас зэрэглэлийг нь бууруулсны дараа “Microsoft” компанийн хувьцааны ханш 11 дүгээр сараас хойших доод түвшиндээ хүрсэн нь тус компанийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг үүлэн тооцооллын бизнест хүндрэл учраад байгааг харуулжээ. “Microsoft”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт 4.4 хувийн уналттай хаагдсан нь аравдугаар сараас хойших нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болсон байна. Тус компанийн гол бүтээгдэхүүн болох үүлэн тооцооллын “Azure” үйлчилгээ нь өсөлт огцом удаашрах цикл рүү орсон бөгөөд 2023, 2024 оны санхүүгийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын тооцоолж байгаагаас ч тааруу үзүүлэлтэд хүрч магадгүйг “UBS” банк онцоллоо.
Нэг алхам ойртов
Олон арван жил үргэлжилсэн бүтэлгүй оролдлогуудын эцэст судлаачид хүний дархлааны эсүүдийг хавдрыг хэрхэн илрүүлж, тэмцэхэд "сургадаг" вакцин бүтээх зөв аргачлалыг олсон болохыг "Moderna", "Merck" компаниудын шинэ тайланд дурджээ. Тодруулбал өнгөрсөн сард "Merck" компанийн бүтээсэн дархлаа эмчилгээний "Keytruda" бэлдмэлийг "Moderna"-ийн рибонуклейн хүчилд суурилсан хорт хавдрын эсрэг вакцинтай хослуулснаар тодорхой төрлийн арьсны хорт хавдар дахин үүсэх эрсдэл буурсны зэрэгцээ "Keytruda"-г дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад өвчтөний нас барах эрсдэлийг 44 хувиар бууруулж байгааг тогтоосноо хоёр компани мэдээлсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Бодлогын хүү буурна гэсэн хүлээлт үүсгэхгүй байхыг Холбооны Нөөцийн банк анхааруулав
“CES-2023” технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлно
2023 он SUV ангиллын цахилгаан автомашины жил болно
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.