СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-07

СУДАЛГАА: Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдийг дахин сонгох уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Судалгааны MEC агентлаг 2024 оны сонгуулийг угтаж ээлжит судалгаагаа авснаа танилцуулж эхэллээ. Тухайлбал, "Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2024 оны сонгуульд дахин нэр дэвшвэл сонгох уу?" гэсэн асуултыг иргэд, сонгогчдоос асууж хариулт авчээ. 

ХҮН намын дарга, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржхандыг дахин сонгоно гэсэн санал 2022 оны зургадугаар сард 19 хувь байснаа 12 сард 13 хувь болж буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэсэн санал 28-аас 33 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг иргэдтэйгээ уулздаг гэж сайшаасан бол хийж бүтээсэн зүйлгүй, МАН-тай шууд холбоотой, тойрогтоо хандсан ажил байхгүй хэмээн шүүмжилжээ. 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийг дахин сонгоно гэсэн санал 2022 оны зургадугаар сард 21 хувь байснаа 12 сард 13 хувь болж огцом буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэсэн санал 27-оос 36 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайн дэмждэг, иргэдтэйгээ байнга уулздаг гэж сайшаасан бол хийж бүтээсэн зүйлгүй, иргэдээ улны хэмээн доромжилсон хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг дахин сонгоно гэсэн санал 2022 оны зургадугаар сард 19 хувь байснаа 12 сард 8 хувь болж буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэж сонгогчдын 28 хувь нь "бат" шийджээ. Иргэд сонгогчид түүнийг залуухан гэж сайшаасан бол гадаад улсын "иргэншилтэй", Хөгжлийн банкнаас зээл авсан, хийж бүтээсэн зүйлгүй хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг дахин сонгоно гэсэн санал 2022 оны зургадугаар сард 12 хувь байснаа 11 сард 14 хувь болж нэмэгдсэн байна. Мөн, сонгохгүй гэсэн санал 18-аас 34 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг боловсролтой, шинэ залуу үе, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэж сайшаасан бол иргэдэд тулгамдаж буй асуудлаас хөндий, улс төрийн идэвх сул, улс төрийн манлайлагч биш хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг дахин сонгоно гэсэн санал 2022 оны зургадугаар сард 12 хувь байснаа 11 сард 21 хувь болж нэмэгдсэн байна. Мөн, сонгохгүй гэсэн санал 22-оос 30 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг татаасны улс төрч, ярьдаг тодорхой сэдэвгүй, байр суурь тодорхойгүй, ЖДҮ-чин хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг дахин сонгоно гэсэн санал 2022 оны долдугаар сард 13 хувь байснаа 2023 оны нэгдүгээр сард 10 хувь болж буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэсэн санал 35-аас 39 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг сонгогчидтойгоо тогтмол уулздаг, хуульч, төрийн хар хүн гэж сайшаасан бол сайдын ажлаа үр дүнтэй хийгээгүй, амьдралаас тасарсан хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг дахин сонгоно гэсэн санал 2022 оны долдугаар сард 21 хувь байснаа 2023 оны нэгдүгээр сард 20 хувь болж буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэсэн санал 29-өөс 34 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг сонгогчидтойгоо тогтмол уулздаг, зарим өрхийн цэвэр болон бохирын асуудлыг шийдсэн, байр сууриа илэрхийлдэг гэж сайшаасан бол хийж бүтээсэн зүйлгүй, худал попордог, элдэв хэл аманд орооцолдсон хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг дахин сонгоно гэсэн санал 2022 оны долдугаар сард 23 хувь байснаа 2023 оны нэгдүгээр сард 20 хувь болж буурсан байна. Эсрэгээр, сонгохгүй гэсэн санал 31-ээс 34 хувь болж нэмэгджээ. Иргэд сонгогчид түүнийг сонгогчидтойгоо тогтмол уулздаг, тууштай улс төрч гэж сайшаасан бол хийж бүтээсэн зүйлгүй, Хөгжлийн банкнаас зээл авсан, нүүрсний хулгайд холбогдсон, шударга бус хэмээн шүүмжилжээ.

MEC агентлагийн судалгаа үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.