Үндсэн хуулийн өдрийг угтан УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд маргааш эхэлнэ.
УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаад байна. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь анхан шатны (сум, дүүрэг), хагас шигшээ (аймаг, нийслэл), шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар явагдаж байна.
Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж.
Хоёр өдрийн турш болох шигшээ тэмцээнд оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.