Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ Азийн улс орнуудаас сүүл мушгиж байна. Иймд МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх саналаа ирэх дөрөвдүгээр сард хүргүүлэхээр төлөвлөжээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Сувилагчаар арван жилийн хугацаанд ажилласан хүмүүсийг гадны хөгжилтэй улс орнуудад маш нааштайгаар хүлээн авч, виз олгодог асуудал байна. Энэ бол бид ажиллах хүчнээ алдахаас гадна үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх асуудал юм. Иргэдийнхээ гадаад руу явах урсгалыг сааруулах бас нэгэн хөшүүрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гэж харж байна.
МҮЭХ-оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаа ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд оруулж ирнэ гэж тооцоолж байна. Дор хаяж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэмээр байна. Аж ахуй нэгж байгууллагууд үүнийг эсэргүүцэх магадлалтай. 550 мянган төгрөг аваад амьдарч байна гэдэг нь бодит амьдрал дээр ховор. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалаа төлөхдөө хамгийн багаар төлж байгааг ийм хэмжээний цалин аваад амьдардаг гэж ойлгоод байгаа юм.
Мөн, Засгийн газраас тэтгэмж олгодог, үүнтэй холбоотойгоор зардал өснө гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хүсэлгүй байдаг. Иймд инфляцыг нөхөх хэмжээнд бус, харин бодитоор нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ Азийн улс орнуудаас сүүл мушгиж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.