СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-05

Эдийн засгийн тойм мэдээ: Нүүрсний хэрэглээ буурна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. ЭТТ ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх заалт бүхий тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барив.
  2. Монголбанк 12 дугаар сард 3 тонн гаруй үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 13.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
  3. ӨМӨЗО-ы нутагт 11 тэрбум ам.долларын өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийн барилгын ажлыг эхлүүлжээ.

ЭТТ ба 40 хувь

2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах заалт бүхий тогтоолын төслийг нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн барилаа. Ингэснээр нэг иргэнд 2,522 хувьцаа ногдоно гэж тооцоолсон бөгөөд иргэдэд хүрэх ногдол ашиг 2 сая төгрөг орчим байх боломжтой гэж үзжээ. 

"Сав нь цоорхой"

Эрүүл мэндийн санхүүжилттэй холбогдох талууд нь голчлон өөр өөр салбарын төлөөлөл бөгөөд тэдний зорилго чиглэл хоорондоо зөрчилтэй байдаг нь энэ салбарт шинэчлэл хийхэд хүндрэл учруулдгийг Азийн Хөгжлийн Банк онцолж байна. 2005 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн хэмжээ тогтмол өссөн ч ДНБ-д эзлэх хувь нь бүс нутгийн бусад улс орнуудын дунджаас доогуур хэвээр байгаа нь төрийн санхүүжилт хангалтгүйг харуулж байгааг АХБ-ны тайланд дурджээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнд иргэдийн хувиасаа зарцуулж буй мөнгөн дүн улам нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн даатгалын систем хүртээмжтэй бус, санхүүжилт үр дүнгүй гэдгийг илтгэж байгааг онцолсон байна. 

Байр суурь

"Зах зээлд нийлүүлэгдэж буй махны 96-аас дээш хувь нь гар аргаар төхөөрсөн малын мах байна. Ямар ч баталгаа, хяналт байхгүйгээр урсгалаараа явагдаж байгаа. Ченжүүд гэж яриад байгаа махны гол зуучлагчдын хувьд монголчуудын махны нийлүүлэлтийг чадах ядахаараа хариуцаад олон жил боллоо. Харин одоо дараагийн дэвшилтэт үе рүү орж, нэг шат ахих хэрэгтэй байна. Тодруулбал, намрын улиралд малчдын борлуулах шаардлагатай таваарын малыг худалдаж аваад, онд оруулж бордож тэнхрүүлснийхээ дараа үйлдвэрүүдэд нийлүүлдэг тогтолцоо руу шилжих шаардлагатай" хэмээн Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Саадгүй оруулна

Сүүлийн гурван жилийн хугацаанд хаалттай байсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-наас сэргээж байгааг ГХЯ мэдээллээ. Энэ хүрээнд БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний “Сөрөг” хариутай байх ёстой. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу “Эерэг” гарвал хилээр нэвтрүүлэхгүй аж. Харин БНХАУ-д зорчоод буцаж ирэх Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөөд хилээр нэвтрэх бол БНХАУ-ын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүй юм байна. Үүнээс гадна нэгдүгээр сарын дундуур БНХАУ-ын талаас Хавирга-Архашаат боомтыг нээе гэсэн мэдээлэл өгөөд байгаа гэдгийг ГХЯ мэдээлэв.

Визгүй аялуулна

2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар гадаадын жуулчдыг визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг дээрх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргав. Үүнд Европын өндөр хөгжилтэй 32 улс болон Австрали, Шинэ Зеланд гэсэн манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг улсууд багтжээ. Өнгөрсөн онд эдгээр орнуудын иргэд 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч байжээ.

Хураасаар, нөөцөлсөөр...

Монголбанк 12 дугаар сард 3 тонн гаруй үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 13.6 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй 2022 оны хэмжээнд сарын дүнгээр хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр бүтэн жилийн дүнгээр Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 22.9 тонн болж, өмнөх оноос 10 хувиар өсжээ. ЗГ-аас гадаад валютын албан нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа тул Монголбанкнаас сүүлийн саруудад алт худалдан авалтаа нэмэгдүүлсэн. 12 дугаар сард гадаад валютын нөөц өсөж, 3.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны эцэст нөөцийн хэмжээ 2 тэрбум ам.доллароос доош орох эрсдэлтэй байсан. Гэвч дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа" гэсэн юм.

Эрчим хүчний ахиц, саад

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 2015 оны Парисын хэлэлцээрээр 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нийлбэр чадлын 30 хувьд хүргэх амлалт өгсөн байдаг ч одоогоор нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. 2022 онд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй сэргээгдэх эрчим хүчний  хэд хэдэн төсөл ашиглалтад орсон юм. Тухайлбал: Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, Улиастай хотод Монголын анхны гэж тооцогдох 3.6 МВт.ц багтаамж бүхий цэнэг хураагуурын систем ашиглалтад орсон билээ. Ийнхүү шинэ сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж байгаа ч 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 30 жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслүүд яриа хэлэлцээрийн түвшинд хэвээр байна. 

Аварга станц

Тэгвэл БНХАУ Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутагт 80 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийн барилгын ажлыг эхлүүлжээ. Өвөр Монголын Ордос дахь Хөвчийн элсэн цөлд байрлалтай тус станц нь 16 гигаваттын хүчин чадалтай болох бөгөөд Бээжин, Тяньжин хот, Хэбэй муж руу жилд 40 тэрбум кВт/цаг цахилгаан дамжуулах юм байна. Станцын хүчин чадлын 12 гВт-ыг нар, салхины эх үүсвэр хангах бол оргил ачааллын үед нүүрснээс нэмэлтээр 4 гВт цахилгаан үйлдвэрлэнэ. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр тус станц нь цөлийн бүсэд байрлалтай дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл болох аж. БНХАУ 2030 он гэхэд нар болон салхины эх үүсвэрээс 1200 гВт цахилгаан үйлдвэрлэдэг болж, нүүрсхүчлийн ялгарлаа бууруулж эхлэх зорилт тавьсан юм.

"Өрнөдийн урхи"

ОХУ-ын Гадаад хэргийн дэд Сайд Андрей Руденко мягмар гарагт “ТАСС” агентлагт ярилцлага өгөхдөө өрнөдийн орнууд Монгол Улс, ОХУ хоорондын эв найрамдал, хамтын ажиллагааг сулруулахыг оролдож байгааг онцолжээ. “Монголд гуравдагч хөрш гэж нэрлэгддэг барууны орнууд Монгол-Оросын уламжлалт эв найрамдалтай харилцааг сулруулахаар нэгдсэн хүчин чармайлт гаргаж байна. Манай өрсөлдөгчдийн тавьсан урхийг тойрон гарч, хоёр орны ард түмний амин чухал ашиг сонирхолд нийцсэн харилцаа холбоог зөв зүйтэй, бүтээлч байдлаар хөгжүүлэх мэргэн ухаан Монголын түншүүдэд маань хангалттай байгаа гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

Нүүрсний хэрэглээ буурна

"Хятадын нүүрсний хэрэглээ 2024 онд 4.08 тэрбум тонн болж, дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байна" гэж БНХАУ-ын нефть, химийн корпорац мэдээллээ. Тус байгууллагаас гаргасан “Эрчим хүчний төлөв 2060” тайланд нүүрсний хэрэглээ ирэх онд дээд түвшиндээ хүрээд 2025-2030 оны хооронд жил тутам буурах хандлагатайг дурдсан байна. Тухайлбал: 2030 онд 3.87 тэрбум тонн болно гэж тооцоолжээ. Харин эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрийн хувьд нүүрсний эзлэх хувь хэмжээ 2024 онд 50 хувь, 2030 онд 46 хувь болж буурахаар байгааг онцолж байна. 

Дулаан он жилүүд

Дэлхийн цаг уурын байгууллагаас 11 дүгээр сард гаргасан ерөнхий тооцооллоор 2022 оны цаг агаарын дундаж хэм 1850-1900 оны түвшнээс цельсийн 1.15 хэмээр дулаан байсан аж. Ингэснээр 2022 он түүхэнд тавдугаарт, эсвэл зургаадугаарт бичигдэх хамгийн дулаан жил болж үлдэхээр байна. 2023 оны хувьд ч дэлхийн дулаарал үргэлжлэх төлөвтэй. Сүүлийн хоёр жил дараалан хамгийн халуун зунаа үдээд буй Европ тивд 2023 он ер бусын дулаан өдрүүдээр эхэлж, зарим орнуудад шинэ жилээр улирлын хамгийн өндөр температур бүртгэгджээ.

Манганыг мартаж болохгүй

Манганы зах зээлд 2024 оноос хомсдол үүсэж магадгүй тухай салбарын эх сурвалжууд мэдээлснийг “Mining.com” онцоллоо. Ган үйлдвэрлэлд ашиглагддаг нэн чухал металл болох манган нь сүүлийн үед цэнэг хураагуурын зах зээлд томоохон байр суурь эзлэх болоод байна. Манганы сульфат нь цахилгаан автомашины цэнэг хураагуурын катодод тэнцвэржүүлэх үүрэгтэй гол орц болдог. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд литийн үнэ тэнгэрт хадаж, тонн нь 80 мянган ам.доллар хүрсэн байхад манганы сульфатын үнэ БНХАУ-ын зах зээлд тонн нь 1000 ам.доллар хүрэхгүй байгаа юм. Цахилгаан автомашины зах зээлд эрэлт улам нэмэгдсэнээр манганы хомсдол үүсэж, улмаар 2027 онд манганы үнэ тонн нь 3300 ам.доллар болж нэмэгдэх төлөвтэйг шинжээчид өгүүлж байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

“Apple”-ийн хувьцааны ханш 3.7 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь $1.99 их наяд болов

Кит Погсон: Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат биш гэдгийг ойлгуулбал хөрөнгө оруулагчид арай өөрөөр харж эхэлнэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.