УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.04/ хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар 80 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсэг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны хүрээнд Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н Энхболд болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх арга хэмжээг зохион байгуулсан талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр, “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.2-т Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна, 8.3-т Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна, 8.6-д Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч нарыг бүртгэх зарыг 2022 оны 02 дугаар сарын 23-30-ны хооронд парламентын цахим хаяг, өдөр тутмын сонин хэвлэл, МҮОНРТ болон бусад цахим хаягуудаар нээлттэй зар байршуулж, мөн зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн. Товлосон хугацаанд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, Төрийн бус байгууллагаас 73, аж ахуйн нэгжээс 4, иргэнээс 72, нийт 162 хүний материал ирсэн.
Ажлын хэсэг ерөнхий шаардлага буюу товлосон хугацаанд ирүүлсэн эсэх, нэр дэвшигчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, нэр дэвшүүлсэн тухай тодорхойлолт гэсэн бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэх, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын дээд шүүхээс хүн тус бүрээр гаргуулж авсан лавлагааг харгалзан 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.
Баримт бичгийн бүрдэл дутуу 23, тогтоосон хугацаанаас хойно 3, хуулийн 8.4-т заасан шаардлага хангаагүй 3 нэр дэвшигч байсан.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дараах 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонголоо хэмээн танилцуулсан.
Ажлын хэсгээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд доорх хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
1.Төрийн бус байгууллагаас нэр дэшүүлсэн Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Хувь иргэнээр нэр дэвшсэн Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
3. Монгол Улсын их сургуулийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн О.Мөнхсайхан - Судлаач
4. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн О.Амартүвшин - Эдийн засагч
5. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн Ө.Ганхуяг - Эдийн засагч
6. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8.Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
9. хувь иргэнээр нэр дэвшсэн Д.Моондой - Радио электроникийн инженер
10. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
11. Хувь иргэнээр нэр дэвшсэн И.Цэрэн-Онолт - Багш, математикч.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.